Дэлхийн уул уурхайн чиг хандлагыг тодорхойлдог, эрдэс металлын хөрөнгө оруулагчдын хамгийн том цугларалт PDAC-ийн энэ жилийн арга хэмжээ уламжлал ёсоор Канадын Торонто хотноо гуравдугаар сарын 3-6-нд болно.
92 дахь жилдээ олон улсын эрдэс баялгийн хайгуул, олборлолтын салбарын бүхий л түвшний төлөөлөгчдийг хүлээж авах чуулга уулзалтаар дэлхийн эрчим хүчний шилжилтийн түүхий эд болох критикал минералын сэдвийг хэлэлцэнэ. Урд өмнө нь критикал минералын хэрэгцээ шаардлага ийм их хэмжээнд хүрч байгаагүй бөгөөд шинэ ордуудыг илрүүлэх, ашиглаж буй уурхайн нөөц, үйлдвэрлэлийг өргөжүүлэхэд асуудлуудад төвлөрнө. Мэдээж, уул уурхай дахь хиймэл оюун ухаан, дижиталчлал гэх мэт технологийн дэвшлүүд яригдана. Түүнчлэн төр, хувийн хэвшлийн хамтын оролцоог яаж хангах, томоохон хөрөнгө оруулагчдыг хэрхэн татах, банк, хөрөнгийн дүн шинжилгээ зэрэг бодлогын хуралдаанууд болно.
Эрдэс баялгийн салбарт түшиглэсэн эдийн засагтай улсын хувьд Монгол энэхүү арга хэмжээнд онцгой ач холбогдол өгч, идэвхтэй оролцож ирсэн билээ. 2024 оны PDAC-ийн өргөн цар хүрээтэй үзэсгэлэнгийн арга хэмжээнд УУХҮЯ болон МУУҮА хамтран салбарын төр, хувийн хэвшлийн төлөөллүүдийн хамт Монгол Улсын эрдэс баялгийн салбарын бодлого зорилт, хууль эрх зүйн орчин, геологи хайгуулын давуу тал, хэрэгжиж буй болон шинэ төслүүдээ танилцуулан сурталчилна.
Өнгөрсөн онд “Монголын өдөр” хурлаар Монголын компаниуд алтны төслүүдээс гадна лити, никель, кобальт, графитын төслүүдээ танилцуулсан нь шинэлэг байв. Өмнөх жилүүдтэй харьцуулахад оролцогч олонтой болсон юм.
PDAC 2023 чуулганд 24 мянга шахуу төлөөлөгч, 133 улс, 1050 байгууллага, ААН-ийн үзэсгэлэн, 487 хэвлэл мэдээллийн төлөөлөл оролцжээ.
Майнинг Инсайт сэтгүүл нь Канадын хайгуулч, олборлогчдын холбооноос зохион байгуулдаг 92 жилийн түүхтэй Уул уурхайн хөрөнгө оруулагчдын олон улсын чуулганы PDAC (Prospectors and Developers Association of Canada) хэвлэл мэдээллийн түншээр 3 дахь жилдээ ажиллаж байна. Энэ жилийн чуулганы онцлох сэдэв, мэдээ мэдээллийг сэтгүүл, сошиал платформуудаар хүргэх болно.