“Эрдэнэс Монгол”-ыг ТУЗ-ийн бүрэлдэхүүнээ шинэчлэхийг зөвлөжээ

Э.ОДЖАРГАЛ

Монгол Улсын стратегийн орд газруудын төрийн мэдлийн хувьцааг эзэмшдэг “Эрдэнэс Монгол” ХХК хэтдээ Үндэсний баялгийн сан болох төсөөлөлтэй байгаа билээ. Тус нэгдэл шинэ зохион байгуулалтаар ажиллаад жил болж байна. Олон улсад төрийн холдинг компаниуд нэгдэл загвараар ажилладаг сайн туршлагатай “Эрдэнэс Монгол”ХХК-ийг харьцуулан үнэлсэн судалгааг хууль зүйн ухааны доктор Г.Давааням, хуульч, судлаач Б.Тэлмэн нар хийжээ. "Төрийн өмчит компанийн нэгдлийн удирдлага, зохион байгуулалт" сэдэвт энэхүү бодлогын судалгааны дүгнэлтийг (2023.12.08) танилцуулсан юм.Үндсэн хуулийн 6.2-т байгалийн баялгийг ашиглах төрийн бодлогыг зохицуулсан нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотойгоор “Үндэсний баялгийн сан бий болгох бэлтгэл хангах зорилгоор Засгийн газрын 225 дугаар тогтоолд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин, хараат компани болох харьяа бусад хуулийн этгээдийг нэгдлийн хэмжээнд нүүрс, эрчим хүчний болон зэс, металлын гэсэн үйл ажиллагааны чиглэлээр бүлэглэж, группийн зарчмаар ажиллуулах”- аар (2022.06.08) заасан. Үүний дагуу “Эрдэнэс Монгол” компанийн охин, хараат компани болон харьяа бусад хуулийн этгээдүүд нэгдлийн хэмжээнд нүүрс эрчим хүч болон зэс металлын чиглэлийн группийн зарчмаар зохион байгуулалтад орж, үйл ажиллагаа явуулж байгаа. Манай улсад группийн зарчим гэж юу болох тухай нэр томьёоны зөрүүтэй байдлаас эхлээд олон улсад хэвшиж тогтсон компанийн нэгдлийн загвар, хэрэгжүүлэх зарчмууд, тэр дундаа төрийн өмчит компаниуд нэгдлийн загвараар ажиллах ач холбогдол, загварын хүрээнд анхаарах асуудлын талаар нэгдсэн ойлголт, туршлага бүрэн төлөвшөөгүй гэж судлаачид үзжээ. Тиймээс олон улсын сайн туршлагыг харгалзан “Эрдэнэс Монгол”-ын удирдлагыг бэхжүүлэх зарчмын үндсэн дээр уг судалгааг хийжээ.

Хуульч Б.Тэлмэн “Манай улсын Компанийн тухай хуульд заасны дагуу Толгой, Хараат, Охин, Харьяа зэрэг шийдвэрт нөлөөлөх боломжтой компаниудыг нэгдэл гэж ойлгож байгаа. Бусдаар хуулийн зохицуулалт байхгүй” гэж танилцуулгын эхэнд дурдсан. Олон улсад өмчийн төрлөөс үл хамааран нэгдэл компаниуд нийтлэг 3 загвараар ажилладаг. Нэг төрлийн бизнесээр дагнасан компаниудын нэгдэл Функцийн загварыг сонгодог байна. Тус загвараар толгой компани нь нэгдлийн оролцогч компаниудаа удирдлагаар хангадаг. Функцийн загварыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд толгой болон нэгдлийн харьяа компаниудын хооронд мэдээлэл солилцооны оновчтой тогтолцоо чухал. Энэ нь толгой компани нэгдлийн стратеги, зорилгыг хэрэгжүүлэх, нэгдсэн удирдлагаар хангах боломжийг нэмэгдүүлдэг аж. Олон төрлийн бизнес эрхэлдэг нэгдэл компани Үйл ажиллагааны загвараар ажилладаг. Нэгдлийн компаниудын худалдан авалт, логистикийг нэгдмэл байдлаар зохион байгуулснаар удирдлагын зардлыг бага түвшинд барих боломжтой тул олон улсад түгээмэл загвар. Толгой компани нь харьяа компаниудын үйл ажиллагааг дэмжиж, нэгдлийн хэмжээнд хүний нөөц, санхүү, стратеги, хөгжүүлэлтийг хариуцах чиг үүрэгтэй. Харин үндэстэн дамнасан корпорацуудын хувьд Бүс нутгийн загвар рүү шилжих хандлагатай байгаа аж. Энэ нь үйл ажиллагаа явуулж буй улс орны нөхцөл байдал, зах зээлийн харилцан адилгүй байдалд зохицон ажиллах шаардлагатай холбоотой байна. Эдгээр загварыг шинжлэн үзээд “Эрдэнэс Монгол” функцийн загварт илүү хамаарахаар байгааг судлаачид тэмдэглэжээ. Олон улсад төрийн өмчит нэгдлийн удирдлагад Зохицуулах нэгж байгуулах, 2 яамны, Хосолмол удирдлагын, Төвлөрсөн бус, Төвлөрсөн гэсэн 5 загварыг хэрэглэж байна. OECD буюу ЭЗХАХБ-аас гишүүн болон гишүүн бус орнуудад төрийн өмчит компаниудыг нэгдэл хэлбэрээр зохион байгуулахад Төвлөрсөн загварыг сонгохыг зөвлөдөг аж.

Монгол Улсад ЗГХЭГ, ТӨБЗГ, Сангийн яам, УУХҮЯ, ЗТХЯ, ХААХҮЯ, “Эрдэнэс Монгол” нь төрийн өмчийг төлөөлөн хэрэгжүүлдэг. Тэр дундаа уул уурхайн төрийн өмчит компаниудыг нэгдэл хэлбэрээр “Эрдэнэс Монгол” удирдаж байна. Энэ нь Сингапурын “Темасек” сангийн туршлагад үндэслэсэн. 2023.08.20-ны байдлаар, “Эрдэнэс Монгол”-ын бүрэлдэхүүнд Тавантолгойн ордыг эзэмшигч “Эрдэнэс Тавантолгой” ХК, Шивээ Овоогийн ордыг эзэмшдэг “Шивээ-Овоо” ХК, Оюутолгойн 34 хувийг эзэмшдэг “Эрдэнэс Оюутолгой” ХХК, түүнчлэн “Багануур” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ зэрэг нийт 21 охин, хараат компани багтаж буй. Өнөөгийн дүр зургаар Төвлөрсөн бус загварт хамаарах ч Засгийн газрын “Эрдэнэс Монгол”- ыг шинээр зохион байгуулах шийдвэр нь Төвлөрсөн загварыг хэрэгжүүлэх хандлагатай гэж судалгаанд дүгнэжээ. Төвлөрсөн загвар нь төрийн өмчит компаниудын хувьцааны эрхийг төвлөрсөн нэг байгууллага (нэгж, салбарын яам, нэгдлийн толгой компани г.м) төлөөлөн хэрэгжүүлдэг. Гол давуу тал нэгдлийн харьяа компаниудад улс төрийн нөлөөллийг багасгах, ангид байх, мөн ТУЗ-ийн гишүүдийг төр, түүний байгууллагаас хараат бус байлгах боломжтой аж. 2022 онд ЭЗХАХБ-ын 53 орныг хамруулсан судалгаагаар, төрийн өмчит нэгдлийн толгой компани нь өөрөө бие даан бизнесийн үйл ажиллагаа явуулдаггүй. Нэгдлийн харьяа компаниудыг тус бүрийн стратегид нийцсэн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавин, ТУЗ-ийг томилж, эргээд төрд тайлагнах үүрэг хүлээдэг байна. 

Хэрэв толгой компани бизнес эрхэлбэл үйл ажиллагаандаа охин компаниудыг нийцүүлэх, улмаар харьяа компаниудын үр ашигтай байдал алдагдах эрсдэлтэй. Нэгдлийн удирдлага нэг компанид хэт төвлөрөх нь удирдлага дахь олон компанид шийдвэр гаргалт удаашрах, мөн эрх мэдлийг хэт тархаавал охин команиудад хяналтаа тогтоож чадахгүйд хүрнэ. Тиймээс толгой компани нэгдлийн үнэ цэнийг нэмэгдүүлэхийн тулд алсын харааг баталж хэрэгжилтийг мөрдөх, гадагш таниулах брендинг хийх, санхүү болон хүний нөөцийг зохистой хуваарилах үндсэн үүрэгтэй ажилладаг байна. Өөрөөр хэлбэл нэгдлийн толгой компанийн стратеги болон бизнес салсан байх зарчим олон улсад үйлчилж байна. “Эрдэнэс Монгол” нь толгой компанийн хувьд нэгдлийг удирдлагаар хангах чиг үүргээ хэрэгжүүлж чадаж байгаа эсэхийг судалгааны хүрээнд үнэлжээ. Стратеги болон бизнес салсан байх зарчим “Эрдэнэс Монгол”-ын хүрээнд үйлчилж байна уу? Энэ талаар хуульч Б.Тэлмэн “”Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийн 1.2-т зааснаар хуулиар хориглоогүй бусад үйл ажиллагааг эрхлэх боломжтой. “Эрдэнэс Монгол” өөрөө бие даан бизнесийн үйл ажиллагаа явуулдаг гэж судлаачийн зүгээс ойлгодог. Тиймээс зөвхөн нэгдлийг удирдлагаар хангах чиг үүргийг хэрэгжүүлэх тухай компанийн дүрэмд заах нь зүйтэй” гэсэн зөвлөмж өгсөн. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийн заалтаар толгой компанид бүрэн эрхийг төвлөрүүлэх зарчимтай. Тухайбал 3.5.2- т “Компани нь охин, хараат компани, харьяа хуулийн этгээд, төслийн нэгжтэй менежментийн гэрээг байгуулж дүгнэнэ”, 3.5.4-т “Компанийн ТУЗ-д өөрийн төлөөллийг томилно”, 3.7.7-д “Нэгдлийн оролцогч компанийн дүрэмд өөрчлөлт оруулах шаардлагатай тохиолдолд татан буулгах, өөрчлөн байгуулах эрхтэй”, 3.5.8-д “Шаардлагатай тохиолдолд нэгдлийн оролцогч компанид тохируулах арга хэмжээ авна” гэж тус тус заасан нь томоохон эрх хэмжээтэйг харуулж байна. Тус компанийн дэвшүүлсэн 2019- 2023 оны стратегиас дараах 4 зорилтыг судалгаанд онцлон тэмдэглэжээ.

Эдгээр нь нэгдлийг удирдлагаар хангах, нэгдсэн стратеги хэрэгжүүлэх зорилгууд биш, зөвхөн толгой компанийн алсын хараа болохыг судлаачид дүгнэсэн байна. Дээрх стратегийн хүрээнд охин, хараат компаниудын хувьцааг нэмэлтээр гаргаж дотоод гадаадын хөрөнгийн биржээр арилжаалах зорилго тавьсан ч “Эрдэнэс Монгол”- ын дотоод бүтэц, орон тоонд маркетинг, брэндинг хариуцсан ажилтан байхгүй байна. Компанийн дүрмийн 3.5.11-т эдийн засгийн нэгдмэл байдлыг хангах заалтууд туссан ч тэдгээрийн дагалдах баримт бичиг, бодлогын журам байхгүй учир батлах шаардлагатайг судалгаанд зөвлөжээ. Засгийн газрын 225 дугаар тогтоолд “Эрдэнэс Монгол” ХХК-ийг нэгдлийн удирдлагын тогтолцоог группийн зарчмаар зохион байгуулахаар тогтсоны дагуу өөрийн бүтцийн хүрээнд “нүүрс, эрчим хүч” болон “зэс, металл”-ыг хариуцсан газар байгуулж, толгой компанийн хувиар группийг удирдаж байна. Хэрэв нэгдэл цаашид Үндэсний баялгийн сангийн статусаар ажиллана гэвэл группийн харьяа бүх компаниудыг ганц “Эрдэнэс Монгол” удирдах зохимжгүй, эрсдэл өндөр. Тиймээс “Эрдэнэс Монгол” нь “нүүрс, эрчим хүч” болон “зэс, металл”-ын үйл ажиллагаа явуулж буй компаниудын хувьцааг эзэмшиж, удирдах холдинг компани шинээр байгуулах, эсвэл одоогийн нэгдлийн харьяа аль нэг компанид хувьцааг нь шилжүүлэх хувилбарыг судалгаанд дэвшүүлжээ. Ингэснээр хуульд нийцсэн зохистой нэгдлийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ гэж үзсэн байна. Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор “Эрдэнэс Монгол”-ын хэмжээнд ТУЗ-ийн нийт гишүүдийн тоо 27-гоос ихгүй байхаар заасан бол одоогийн байдлаар нэгдлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 19 компани, төрийн өмчит 2 үйлдвэрийн газарт нийт 53 гишүүн ТУЗ-д алба хашиж байна. 

Нэгдлийн хэмжээнд, ер нь ТУЗ-ийн гишүүдийн тоог заачихаар дараах хоёр асуудал үүсэж болзошгүй. Нэгд, “Эрдэнэс Монгол” нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг хариуцаж байгаа томоохон компаниудыг нэгтгэсэн тул стратегийн шийдвэр гаргах бүтэц буюу олон талын төлөөллийг хангасан мэргэжлийн ТУЗ зайлшгүй шаардлагатай. Гэтэл нэгдлийн хэмжээнд ТУЗ-ийн гишүүдийн тоог хязгаарласнаар тухайн компаниуд ТУЗ-ийн гишүүдийг багасах, бүр ТУЗгүй ажиллах үр дагавар гарна. Хоёрт, нэгдлийн хэмжээнд ХК-иудыг нэгтгэх, эсвэл охин компаниудыг ХК хэлбэрээр өөрчлөн байгуулах тохиолдолд ТУЗийн гишүүдийн тооны хязгаар шууд утгаараа саад болно. Манайд ХК заавал ТУЗ-тэй байх, гишүүдийн тоо сондгой байх зохицуулалт бий. Тэгээд ч олон улсад нэгдлийн хэмжээнд ТУЗийн гишүүдийн тоог хязгаарладаг жишиг, туршлага хаана ч байдаггүй. Жишиг болгодог Сингапурын “Темасек” нэгдлийн хэмжээнд ТУЗ-ийн 228 гишүүн ажилладаг байна. Судалгаанд хөндөгдсөн өөр нэг асуудал нь төрийн өмчит компаниудад 1991 онд батлагдсан БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулиар онцгой нөхцөл үүссэн үед шууд онцгой дэглэм тогтоон, төлөөлөгч томилох харилцаа үйлчилж байна. Хувьцаа эзэмшигч нь “Эрдэнэс Монгол” компани байтал онцгой нөхцөл үүссэн үед шууд Засгийн газар өөрийн харьяанд авч, төлөөлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлэх байдлаар удирдаж байгаа нь Компанийн тухай хуультай харшилж байна. Угтаа бол “Эрдэнэс Монгол” хувьцаа эзэмшигчийн хувьд ТУЗ-ийн гишүүн,

 бүрэн бүрэлдэхүүнийг өөрчлөх арга хэмжээ авах ёстойг судлаач тайлбарласан. Онцгой байдалд авч хэрэгжүүлэх арга хэмжээний зорилго нь нөхцөл байдлыг судлах, шалтгааныг тогтоох, дахин давтагдахаас сэргийлэх бодлого хэрэгжүүлэх замаар нэгдлийн үнэ цэнийг хадгалах, үйл ажиллагааг сайжруулахад чиглэдэг. Олон улсад төрийн өмчит нэгдэл болох 53 компанийг хамарсан судалгаанаас дүгнэхэд, нэгдлийн толгой дийлэнхдээ ХК байдаг байна. Учир нь ХК нийтэд тайлагнах үүрэг хүлээдэг. Тэгвэл “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хувьд Компанийн тухай хуулиар олон нийтэд нээлттэй, ил тод, тайлагнах үүрэг хүлээхгүй явж байна. "Төрийн өмчит компанийн нэгдлийн удирдлага, зохион байгуулалт" сэдэвт судалгааны нэгдсэн дүгнэлт нь “Эрдэнэс Монгол” ХХК бие даан бизнесийн үйл ажиллагаа явуулдаг, нэгдлийн хэмжээнд алсын хараагаа тодорхойлоогүй, олон нийтэд үйл ажиллагаагаа нээлттэй, ил тод тайлагнадаггүй, 2023 онд шинэчлэн баталсан Төрийн өмчийн оролцоотой этгээдэд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх журмын дагуу нэгдлийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнээ шинэчлэх шаардлагатай гэж гарсан байна. 

Майнинг Инсайт сэтгүүл, №12 (025)