ОУЭА: Критикал минералын нийлүүлэлтийг баталгаажуулах хөтөлбөр хэрэгжүүлнэ

Э.ОД

Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA)эрчим хүчний аюулгүй байдалд чухал ач холбогдолтой ашигт малтмалын нийлүүлэлтийг баталгаажуулах хөтөлбөрийг эхлүүлж байна. Энэ тухай мягмар гаригт (2024.02.13) мэдэгдэхдээ ОУЭА-ийн Гүйцэтгэх захирал Фатих Бирол нь критикал минералын эрэлт хурдацтай өсөж, харин тухайн ашигт эрдсийн нийлүүлэлт, боловсруулалт цөөн үйлдвэрлэгчийн мэдэлд хэвээр байгааг онцолжээ. Мөн тэрээр “Цахилгаан машин, нарны хавтан, цэнэг хураагуур болон бусад эрчим хүчний тоног төхөөрөмжийг үйлдвэрлэхэд лити, кобальт, зэс зэрэг ашигт малтмалын тогтвортой хангамж шаардлагатай. ОУЭА-аас газрын тос, байгалийн хийн зах зээлд хяналт тавин ажиллаж байгаа ч эрчим хүчний технологийн нийлүүлэлтийн сүлжээ нь шинээр гарч ирж буй аюулгүй байдлын чухал асуудал юм. Одоогоор эрэлтийг хангах боломжгүй, гэтэл эдгээр чухал ашигт малтмалын үйлдвэрлэл нь ганц, хоёр улсад төвлөрсөн" гэдгийг дурджээ. Энэ нь критикал минералын нийлүүлэлтийг баталгаажуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх шалтгаан болсныг Фатих Бирол мэдэгдэлдээ тодотгосон байна.

ОУЭА-аас критикал минералын хөтөлбөр хэрэгжүүлэх шийдвэр нь улс орнуудын цэвэр эрчим хүчний шилжилтийг эрчимжүүлэх, лити, зэс, никель, кобальт, марганц, бал чулуу гэх мэт чухал ашигт малтмал, газрын ховор элементийн нийлүүлэлтийн  аюулгүй байдлыг хангахад чиглэж байна. Тус хөтөлбөр нь газрын тосны аюулгүй байдлын тогтолцооноос санаа авч буй аж. Тухайлбал дэлхийн нийлүүлэлт тасалдах тохиолдолд гишүүн орнууд газрын тосны 90 хоногийн нөөцтэй байх шаардлагатай адил механизмыг нэвтрүүлэх гэнэ. 

АНУ-ын Сансрын аж үйлдвэрийн ассоциацийн 2023 оны мэдээллээр, Хятад 30-50 нэр төрлийн критикал минерал гол үйлдвэрлэгч орон бөгөөд газрын ховор элементийн боловсруулалтаар дэлхийд тэргүүлдэг. Өнгөрсөн жил тус улс галли, германий, бал чулууны экспортоо хязгаарласан нь стратегийн металл дахь давуу байдлаа бататгахыг эрмэлзэж буй гэж олон улсын ажиглагчид үзэж байна.

2023 оны долоодугаар сард ОУЭА нь чухал ач холбогдолтой ашигт малтмалын зах зээлийн талаарх анхны тойм тайлангаа танилцуулж, есдүгээр сард чухал ач холбогдолтой ашигт малтмал, тэдгээрийн цэвэр эрчим хүчний шилжилтийн үүргийн талаар анх удаа олон улсын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан билээ.