Ерөнхий сайдын айлчлалын үр дүн юу байв?

С.БОЛД-ЭРДЭНЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д ажлын айлчлал хийлээ. Уг айлчлалын үр дүн юу байв, Ерөнхий сайдын хэлсэн үг, Засгийн газрын гаргаж буй үйлдлийн учиг хаана зангидагдаж байна вэ гэдэг хамгийн их анхаарал татна. Уул уурхайн салбарынханд бол төмөр замын асуудлыг эцэслэсэн гэдэг нь хамгийн таатай сонстож байна. Харин улс төрийн хүрээ, хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн анхаарлыг айлчлалын дараах үйл явдлууд татаж байгаа нь лавтай. Ерөнхий сайдын айлчлалын албан ёсны мэдээллүүдийг харвал “цүнхэлж” очсон сэдвүүдээрээ Хятадын дарга нартай ярилцлаа, санал солилцлоо, зөвшилцлөө гэсэн өгүүлбэр элбэг. Тодорхой тохиролцож, баталгаажуулсан зүйл байхгүй байгаа нь Ерөнхий сайдын “цүнхэн” дэх асуудал нь жулдав уу, эсвэл цүнхний эзэн нь жижигдэв үү хэмээн эргэцүүлэхэд хүргэнэ.
“Цүнхийг” нь ухаж үзвэл Хятадын Ардын банкны зээлийг сунгах, Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн 987 км хурдны замын төслийг хурдасгах, хийн хоолойн төслийн ажлыг эрчимжүүлэх гээд бидний сайн мэдэх “уламжлалт” сэдвүүд байх. Түүн дээр “Нэг тэрбум мод” хөтөлбөр, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах төслүүд шинээр нэмэгдэж. Өмнөх айлчлалуудын үеэр ч байнга яригддаг сэдэв. Хамгийн “настай” нь арваад жил болж байгаа байх. Ахиц гарсан ганц сэдэв нь олон жил ужгирсан төмөр замаар холбогдох хилийн цэгийг тохирсон явдал гэж хэлж болно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч энэ асуудлыг шийдэж чадсандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн. “Хил холболтын цэгийг тохирч чадсанд сэтгэл хангалуун байгаа. Энэ бол Оюутолгойн гүний уурхайг эхлүүлж чадсантай дүйцэхүйц хэмжээний, экспортыг 2-3 дахин тэлж чадахуйц том хэмжээний шийдэл болно” хэмээн айлчлалын үр дүнгээ товчхон танилцуулсан. Өөрөөр хэлбэл манай улс өргөн царигаар, Хятад улс нарийн царигаар хоорондоо хил холболтын холбох цэг буюу терминалуудын байршлыг тохирсон гэсэн үг. Хэрэндээ мачийж, халаасаа гөвөн байж Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг дуусгасан тулдаа энэ удаа Хятадын талаас хил холбох цэгээ тохирч чадсан нь энэ. Хоёр км ч зам тавиагүй хоосон очоод хоосон буцдаг гунигт түүх энэ удаад давтагдсангүй. Гэхдээ одоог хүртэл Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замын уулзах цэг тодорхойгүй, ажил хариуцсан хүмүүс мэдээлэл өгөхгүй байгаа нь доод шатандаа эцэслэж тохироогүйн шинж бололтой. Юутай ч гуравдугаар сарын сүүл гэхэд бичиг баримтын түвшинд эцэслэнэ хэмээн албаныхан хэлж байна.

Хоёр талын харилцааны асуудал ямар өнгөтэй байгаа нь төмөр замаас илүү чухал 

Айлчлалын дараа хоёр Засгийн газрын ажлын хэсгүүд, яамд шуурхай ажиллаж байгаа нь хамгийн том үр дүн юм. 2009 оны дөрөвдүгээр сард Ерөнхий сайд С.Баяр БНХАУ-д айлчилж, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаотай уулзах үеэр хоёр улсын хилийн боомтуудын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр ярилцаж байв. 13 жилийн өмнөх айлчлалаар ч хоёр улсыг холбосон уул уурхайн төмөр зам барих асуудлыг хөндөж байсан гэсэн үг. Үүнээс хойш царигийн маргаан даамжирч, олон жилийн гацаа үргэлжилсэн нь энд дуусаж байх шиг байна. Сангийн сайд Б.Жавхлан айлчлалын үр дүнгийн талаар “Нүүрсний экспортоо хэрхэн нэмэгдүүлэхэд хоёр талаас ямар хүчин чармайлт гаргах вэ гэдгийг ярилаа. Сүүлийн 10 гаруй жил гацаад байсан төмөр замаар хил нэвтрүүлэх асуудлыг эцэслэлээ. Дараа нь шилжүүлэн ачих терминалуудыг хаана барих, төмөр зам барьж дуусахад ачаа тээврийг хэрхэн хурдан шуурхай нэвтэрдэг болгох зэрэг чухал ач холбогдолтой ажлууд бий. Ойрын хугацаанд ажил хэрэг болгоно. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам долоодугаар сард ашиглалтад орно. Шилжүүлэн ачих терминалыг цаг алдалгүй барьж байгуулах нь тулгамдсан асуудал. Хилийн боомт дээр ачаа шилжүүлэн ачих терминалыг барьж байгуулах ажлыг шуурхайлъя гэж тохирсон” хэмээн мэдээлсэн юм. Замын холбох цэгийг тохирч, шилжүүлэн ачих терминалаа богино хугацаанд барьж чадвал Монгол Улсын хувьд маш том ялалт юм. Улс төр, нийгэм, бизнесийнхнийг талцуулсан олон жилийн маргаан энд цэглэгдэнэ. Олон жил цаасан дээр мөрөөдсөн нүүрсний экспортын бодит өсөлт эндээс эхэлнэ. Багадаа Тавантолгойгоос гарах нүүрсний экспорт 20 сая тонноор өснө. Уурхайнуудын хүчин чадал хэзээний бэлэн, гагцхүү тээвэрлэлт л зогсонги байна. Хятадын нүүрсний зах зээл улам бүр л бидэнд таатай болж хувирч байна. Зөвхөн 20 сая тонны өсөлт гэдэг экспортын орлого 2 тэрбум ам.доллароор, төсвийн орлого 2 их наяд төгрөгөөр нэмэгдэнэ. Энэ бол Ковидын дараах Шинэ сэргэлтийн бодлогын гол хөдөлгөгч хүч байх нь дамжиггүй. Харин үүсэж болзошгүй асуудал нь шилжүүлэн ачих терминалыг хаана барих, ямар системийн терминал байх зэрэг асуудлаар маргаан өрнөж магадгүй байгаа. Хамгийн орчин үеийн, ухаалаг систем бүхий терминалыг барих төсөл төлөвлөгөөг гадаад дотоодын компаниуд хэдийн боловсруулжээ. Хоёр талын харилцааны асуудал ямар өнгөтэй байгаа нь төмөр замаас илүү чухал.
Хоёр улсын Засгийн газрын хамтарсан мэдэгдэлд дээрх бүх асуудлуудыг дурджээ. Тэр дунд хамгаас илүү анхаарал татсан нь дараах хоёр асуудал. “...Монголын тал “Нэг Хятад”- ын бодлогыг тууштай баримталж, Тайвань, Хонконг, Шинжаан, Төвөдтэй холбоотой асуудлаарх Хятадын байр суурийг дэмждэгээ дахин нотлов. ...Монголын тал, дотоодын бизнесийн орчноо улам сайжруулж, Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг хамгаална…”. Хөндөхөд хүнд уг сэдвээс түр хөндийрч хөршийнд айлчлахдаа хэлсэн Ерөнхий сайдын үгийг эргэн нэг анзааръя. “Хятад Улс бол Монгол Улсын алтаар ч солимгүй сайн хөрш гэж хэлсэнтэй санал нийлж байна. Хятадын хөгжил Азийн имижийг дэлхий нийтэд өндөр болгосон. Хятадын талтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд Монгол Улс бэлэн байна. Монгол Хятадын харилцааг хөрш орнуудын солилцоо, олон улсын харилцааны үлгэр жишээ болгоход Монголын тал бэлэн байна” хэмээн найрсаг байдлаа илэрхийлсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үгэнд Си Жинпин дарга хэр догдолсныг мэдэхгүй. 8 жилийн өмнө Монголд айлчлахдаа УИХ-ын чуулганы танхимд хэлсэн өөрийнх нь үгийг залуу Ерөнхий сайд өөрт нь хэлж байгааг мань хүн анзаарсан нь дамжиггүй. Хятадын айлчлал Ерөнхий сайдын хувьд хоёр дахь гадаад томилолт. Дотооддоо улс төр, эдийн засгийн том бодлогоо зарласан, хамгийн том хөрөнгө оруулагчтайгаа тохирсон, төмөр замаа барьж дууссан гээд хийсэн зүйлтэй. Мөн хоёр сонгууль дараалж үнэмлэхүй ялсан эрх баригч намын дарга, “ах” нараасаа илүү эрх мэдэлтэй болсон Ерөнхий сайд. Гэхдээ энэ бүхэн нь Хятадын даргын нүдэнд Монголын өмнөх удирдагчдаас өөр гэж харагдахад хангалттай эсэх нь чухал.

Ерөнхий сайдын айлчлалаас хойш дотоодын нийгэм, улс төрд сонирхол татсан үйл явдал хэд хэд гарлаа. Хамгийн том нь Хөгжлийн банкны зээлдэгчидтэй холбоотой боссон шуугиан. Уг асуудал нэгдүгээр сард яригдаж эхэлсэн ч эрх баригч нам оролцож, хариуцлага тооцож эхэлсэн нь Ерөнхий сайдыг айлчлалаас ирсний дараа таарсан нь зүгээр л тохиолдол байх. Чанаргүй зээлийн ангилалд орсон нэр бүхий бизнесмэнүүдийг цагдан хорьж, зээлтэй холбогдсон зарим улстөрчийг МАН-аас хөөв. Тэдний холбоо хамаарлыг хөөвөл бүгд МАН-ын дарга асан М.Энхболдтой холбоотой хүмүүс гэгдэж байна. Үүнээс гадна Монголд тоотой хэдхэн удаа гарч байсан гэмт хэрэг бүртгэгдлээ. Гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажиллаж байсан иргэнийг баривчилснаа Тагнуулын байгууллага мэдэгдлээ. Мэдээж төрийн нууцад ордог учраас ямар шалтгаан, үндэслэлтэй гэх мэт тодорхой мэдээлэл гарсангүй. Үүнээс яг 7 хоногийн дараа ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар гадаад улсын хөрөнгө оруулагчийг хүч хэрэглэн сүрдүүлж, концессын гэрээнээс татгалзуулсан хэрэг гарсныг шалгаж байгаа талаар мэдэгдэл хийв. Гадаадын хөрөнгө оруулагчийг хохироосон, луйвардсан гэх хэрэг түмэнтээ сонстдог ч төрийн амнаас гардаг нь бас л тоотой хэдхэн байдаг. Цаг хугацааны хувьд ар араасаа хөвөрч байгаа шуугиантай үйл явдлууд Ерөнхий сайдын айлчлалын дараа өрнөсөн нь зүгээр л давхцал гэхэд хэцүү. Том төслүүд хэрэгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах гээд Засгийн газрын өмнө зайлшгүй шийдвэрлэх том асуудал мундахгүй их бий. Уриа лоозон яриад явахаар ирдэг хөрөнгө оруулагч, хэрэгжчихдэг төсөл ч гэж юу байхав. Гадаад, дотоодын томоохон хөрөнгө оруулагчидтай хамтран том төсөл хэрэгжүүлэхэд тулгардаг ямар асуудлууд байдаг, яаж шийдэх ёстой вэ гэдгийг богино хугацаанд харууллаа. Нэмээд аймгуудын удирдлагуудтай уулзахдаа Засгийн газрын шийдсэн, зөвшөөрсөн төслийг хааж, гацаадгаа болихыг Ерөнхий сайд анхааруулсан. Төгсгөлд Хятадын Засгийн газартай хамтарсан мэдэгдлийн нэг өгүүлбэрийг давтъя. “...Монголын тал, дотоодын бизнесийн орчноо улам сайжруулж, Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг хамгаална…”