Э.МЯГМАРСҮРЭН
Оны эхний хагас жилд “Эрдэнэс Тавантолгой” ХК нь 17.1 сая тонн нүүрс олборлож, 16.8 сая тонн нүүрс борлуулж, улсын төсөвт 2 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлжээ. Түүнчлэн УИХ, Засгийн газраас баримталж буй нүүрсийг хил нөхцөлөөр борлуулах, валютын орох урсгалыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд тус компани эхний хагас жилийн байдлаар Монголын хөрөнгийн биржээр нүүрсний 27 удаагийн нээлттэй цахим арилжааг зохион байгуулж, 1.2 тэрбум ам.долларын үнэлгээтэй 10.8 сая тонн нүүрсийг биржээр худалдаалсан байна.
"Эрдэнэс Тавантолгой" стратегийн ач холбогдол бүхий 10 төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буйн нэг нь нүүрс баяжуулах үйлдвэр юм. Уг төслийн хүрээнд жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэрийн анхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх туршилт, тохируулгын ажлыг эхлүүлэх нээлтийн арга хэмжээ (2024.06.20) зохион байгуулсан. Төсөл бүрэн хэрэгжсэнээр ажлын 472-928 шууд байр шинээр бий болох, улс орон, бүс нутгийн нийгэм эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой.
Түүнчлэн, Нүүрс ачих логистикийн төвийг ашиглалтад (2024.05.27) орууллаа. Жилд 20 сая/тонн түүхий нүүрсийг дамжуулан ачих хүчин чадалтай тус төв ашиглалтад орсноор орд уурхайн насжилтыг уртасгах, бага чанартай нүүрсийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж нээгдсэн. Энэхүү логистикийн төв нь Тавантолгойн ордын Баруун, Зүүн цанхийн уурхайгаас олборлосон түүхий нүүрсийг хүлээн авч, бутлан тээвэрлэж, ангилан хольж “Нүүрс баяжуулах” үйлдвэрийг түүхий нүүрсээр хангахаас гадна төмөр замын тээвэрт бэлтгэн вагонд ачих технологийн 7 дамжлага бүхий цогц бүтээн байгуулалт болсноороо давуу талтай байна.
Компанийн одоо хэрэгжүүлж буй болон цаашид хэрэгжих төслүүдийн цахилгаан хангамжийг шийдвэрлэх зорилгоор гүйцэтгэсэн 110/35/10кВ-ийн 2х25МВт-ийн дэд станцын барилга угсралтын ажил дуусаж, Улсын комиссын тавдугаар сарын 07-ны өдрийн дүгнэлтээр ашиглалтад орох боломжтой болжээ.
“Эрдэнэс Тавантолгой” нь 63.65 литр/секунд батлагдсан нөөц бүхий “Загийн усны хоолой” гүний усны ордоос Тавантолгой орд руу шугам хоолой татах төслөө бүрэн дуусгасан. Энэ бүтээн байгуулалт Тавантолгой нүүрсний уурхайг түшиглэн барих “Нүүрс баяжуулах үйлдвэр”-т шаардлагатай усны хэрэгцээг эхний ээлжинд гүний усны ордоос хангах зорилготой байсан юм.