БНХАУ-ын Засгийн газар: Гашуунсухайт-Ганцмод төмөр замыг олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюань, “Чайна Энержи” группийн туслах Ерөнхий захирал Кан Фэнвэй нарыг хүлээн авч (2024.12.24) уулзжээ. 

Уулзалтаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын төслийн талаар ярилцсан байна. БНХАУ-ын Засгийн газраас Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын асуудлыг хоёр орны Засгийн газар хооронд олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн буйгаа төлөөлөгчид албан ёсоор илэрхийлжээ. 

Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр зам нь 2009 оноос хойш яригдаж буй төсөл юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалаар (2024.11.05) талууд  “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурснаар уг төсөл үргэлжлэхээр болсон билээ.

Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч төмөр зам болон бусад төслүүд хэрэгжих нөхцөл, цаашлаад Монгол Улсын нүүрсний экспортыг 120 сая тонн, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10 мянган ам.долларт хүргэх бодит боломж бүрдэнэ гэж Монголын Засгийн газар үзэж байна.