2024 онд Сэхэ боомтын ачаа тээвэр хамгийн өндөр үзүүлэлтэд хүрчээ

Монгол Улсын Шивээхүрэн боомттой хиллэдэг БНХАУ-ын Сэхэ боомтын нийт ачаа тээвэр 24 сая тонн давж 2024 оны зорилтоо сарын өмнө биелүүлсэн байна. Энэхүү үзүүлэлт нь Сэхэ боомт ашиглалтад орсноос хойших хамгийн өндөр хэмжээнд тооцогдож буйг гэж Хятадын Боомтын захиргаанаас мэдээлжээ.

Сэхэ боомтыг БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилга болон Хятад, Монгол, Оросын “Эдийн засгийн коридор”-ын чухал зангилаа гэж үздэг. Ингэснээр олон улсын худалдааны стратегийн гарц болох боломжтойг мэдээнд онцолжээ. Мөн Сэхэ нь автомат удирдлагын тээврийг нэвтрүүлсэн Хятадын анхны хуурай газрын боомт аж. Жолоочгүй тээврийн хэрэгсэл (AGV), 5G-ийг дэмждэг нисгэгчгүй тээвэрлэлтийг нэвтрүүлснээр тус боомт үйл ажиллагааны үр ашгийг эрс нэмэгдүүлжээ. 2025 онд Сэхэ боомтын ачаа тээвэр өсөх төлөвтэй байна.