“Уул уурхайн 7 хоног” арга хэмжээний 2 дахь өдөр “Mongolia Mining”-аас зохион байгуулсан Олон улсын хөрөнгө оруулалтын чуулганыг нээж Сангийн сайд Б.Жавхлан үг хэлсэн юм.
Тэрээр ““Шинэ сэргэлтийн бодлого”-ыг төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын түншлэлд тулгуурлан хэрэгжүүлэхэд уул уурхайн салбарын оролцоо маш өндөр болохыг цохон тэмдэглэх нь зүйтэй. Өнөөдөр дэлхийн улс орнууд эдийн засгийн хүндхэн сорилтуудтай тулж байна. Эдийн засаг саарч, инфляц сүүлийн 40 жилд байгаагүй өндөр түвшинд хүрсэнтэй зэрэгцээд улс орнууд мөнгөний хатуу бодлого барьж буй сургаар хөгжиж буй орнуудад төлбөрийн тэнцэл, инфляц, валют дээр хүчтэй мэдрэгдлээ. Энэ хүнд цаг үед эдийн засгийн өсөлтийг дэмжиж, хэрэглээний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ болон валютын ханшийг тогтворжуулахад уул уурхайн салбар, хөрөнгө оруулагч нар чухал үүрэг гүйцэтгэж байна.
Монгол Улсын Засгийн газраас экспортыг нэмэгдүүлэх замаар улс орны эдийн засгийн суурийг тэлэх, үүнд саад болж буй хязгаарлагч хүчин зүйлсийг арилгах, хөгжлийн төслүүдийг эрчимжүүлж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төрийн бүтээмжийг хэвшүүлэх зорилгоор “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлд суурилан хэрэгжүүлэхээр УИХ-аас баталсан. Энэ бодлогод туссан 6 багц арга хэмжээг хэрэгжүүлснээр салбар хоорондын уялдаа сайжрах, уул уурхайн томоохон төслүүд эдийн засгийн эргэлтэд орох, аж үйлдвэржилтийг сэргээхэд дөхөм болно гэж үзэж байна. Тухайлбал, олон жилийн турш улс төржин маргаж 80 гаруй их наяд төгрөгийн алдагдсан боломжийн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам (2022.09.09)нээлтээ хийж нүүрсний тээвэр эхэллээ. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр өрнүүлж хурдтай өрнөн товлосон хугацаанаас өмнө дуусах таатай мэдээ дуулгая. Цаашлаад Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр замын ажлыг эхлүүлэн Арцсуурь, Шивээхүрэн боомтуудыг холбох, Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замыг барьж ашиглалтад оруулах шаардлага бий.
Далайд гарцгүй манай улсын хуурай замын 42 боомтоос Сүхбаатар, Эрээнцав, Замын Үүд төмөр замаар холбогддог ч зэс, коксжих нүүрсний экспортын 50 хувийг Гашуунсухайт боомтоор дангаар эзэлж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импортыг Замын Үүд боомтоор нэвтрүүлдэг өнөөгийн нөхцөл бүрэн өөрчлөгдөж, экспортын 5 гарцтай, тээвэр логистикийн өрсөлдөх чадвар нэмэгдэнэ гэсэн зорилттой ажиллаж байна. Зөвхөн боомтуудыг дэд бүтцээр холбох биш цогцоор нь олон улсын жижигт нийцүүлэн хөгжүүлсэн дагуул хотууд байгуулах боломж байгаа юм. “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлснээр төрөөс олгох зөвшөөрлийг 50 хувь бууруулж, төмөр зам, эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг хязгаарлалтыг шийдвэрлэн, 250 гаруй ажлын байр шинээр бий болж, экспорт 2 дахин нэмэгдэх, улмаар эдийн засгийн өсөлт эрчимжинэ гэж харж байна.
Эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах, түгээх шугам сүлжээг шинээр барьж байгуулан хүчин чадлыг өргөтгөн нэмэгдүүлж, эрчим хүчний үйлдвэрлэл, хангамжийн найдвартай байдлыг дээшлүүлэхээс гадна эрчим хүчний тарифыг чөлөөлөх замаар салбарыг санхүүгийн бие даасан тогтолцоонд шилжүүлнэ” гэв.