Хятадын “Чайна Энержи” компаниас хил холболтын төмөр замыг барьж байгуулахтай холбоотой “Эрдэнэс Тавантолгой” компанитай урт хугацааны гэрээ байгуулах санал тавьж, уг гэрээний төслийг энэ долоо хоногт УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон. Уг гэрээтэй холбогдуулан Mongolian Mining Corporation-ийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэлийн байр суурийг "Майнинг Инсайт"-ын С.Болд-Эрдэнэ тодрууллаа.
“Чайна Энержи” компаниас тодорхой нөхцөл тавьж, “Эрдэнэс Тавантолгой” компанитай урт хугацааны гэрээ байгуулах талаар яригдаж байна. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
Энэ талаар хэвлэлээр гарч буйгаас илүү мэдээлэл алга байна. Олон нийтэд өгсөн мэдээллийн хүрээнд “Чайна Энержи” компанийн зүгээс Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замыг барьж байгуулахтай холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой” компаниас жил бүр 20 сая тонн нүүрс 16 жилийн хугацаатай худалдан авах, мөн нүүрс олборлолтын үйл явцад оролцох тухай яригдаж байна гэж ойлгосон. Өнөөдөр манай улсын хувьд хамгийн чухал зүйл нь хил холболтын төмөр замыг барьж байгуулж, нүүрсний экспортын тоо хэмжээг нэмэгдүүлж, тогтвортой түвшинд хадгалах юм. Сүүлийн хоёр жилийн хувьд манай улсын нийт нүүрсний экспорт 70-80 сая тонн хүрсэн. Харин цаашлаад жилдээ 100 сая тонн, 120 сая тонн нүүрс экспортолъё гэвэл хил холболтын төмөр замыг барьж, ашиглах зайлшгүй шаардлагатай. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболт хийгдсэнээр, цаашлаад Шивээхүрэн-Сэхэ болон Ханги-Мандалын боомтын хил холболтын төмөр замыг ашиглалтад оруулбал нүүрсний экспортод, цаашлаад эдийн засагт маш том түлхэц болно.
Тавантолгойн ордоос Гашуунсухайт боомт хүртэл төмөр замаа барьсан. Одоо ашиглалт нь маш бага хэмжээнд л байна. Тавантолгойгоос Ханги боомт хүртэлх төмөр зам баригдсан. Бас л ашиглалт нь хэдхэн хувьтай байна. Мөн Шивээхүрэн боомтоос хилийн зурвас хүртэлх төмөр замыг барьсан. Маш их мөнгөөр эдгээр төмөр замыг барьсан ч бүрэн ашиглаж чадахгүй, үр өгөөжийг нь тооцоолсон хэмжээндээ авч чадахгүй байна. Хэрэв хил холболтын төмөр зам байгуулахгүй бол эдгээр төмөр зам ашиггүй хөрөнгө оруулалт шахуу болно.
Хоёрдугаарт, ирэх жил, түүнээс цааш нүүрсний үнэ аажмаар буурах хандлагатай байна. Сүүлийн хоёр жил нүүрсний үнэ боломжийн өндөр байгаа болохоор харьцангуй өндөр ашигтай гарч, зардлын өсөлтийг төдийлөн анзаарахгүй байна. Хэрэв үнэ буурвал Монголын экспортлогчид зардлаа бууруулах шаардлагатай нүүр тулах болно. Энэ үед хил холболтын төмөр зам ашиглалтад орсноор тээврийн зардал ихээхэн буурах боломж бүрдэх учиртай. Хэрэглэгчдээ хүрэх гэж замдаа 2-3 буулгаж, ачиж байгаа одоогийн систем өндөр хорогдол, зардалтай. Харин энэ зардлаа бууруулснаар бид зах зээл дээрх өрсөлдөх чадвараа улам бүр баталгаажуулна гэсэн үг.
Нөгөө талдаа одоо баригдсан байгаа төмөр замуудын ашиглалт бүрэн хүчин чадалдаа хүрэх боломжтой болно. Цаашлаад “Чайна Энержи” бол Хятад дотроо Ганцмодоос далайн боомт хүртэл 1,400 гаруй км төмөр замын сүлжээ эзэмшдэг компани. Энэ төмөр замыг ашиглаж Монголын нүүрсийг Зүүн Хятадын далайн эргээр байрших илүү том зах зээлд хүргэх боломж ч нээгдэж магад. Би хувьдаа ингэж л харж байна.
Нэр бүхий зарим хэвлэл ба сошиал хаягуудаас “Гашуунсухайтын төмөр замын холболт хийхийг “Энержи Ресурс” компани эсэргүүцэж, зогсоохоор оролдож байна” гэх мэт илт гүтгэлгийн чанартай, худал мэдээллийг зориудаар тарааж байгаа харагдсан. Олон жилийн турш хүлээгдэж буй энэхүү төмөр замын хил холболтын ажил хийгдэж, ашиглалтад орох нь манай улсын нүүрсний экспортын тоо хэмжээ өсөн нэмэгдэх, тээврийн өртөг зардлыг бууруулах өндөр ач холбогдолтой юм. Иймд энэ ажлыг холбогдох төрийн бодлого, хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэхээр зорьж буй Засгийн газрын шийдвэрийг бүрэн дэмжиж байгаагаа үүгээр илэрхийлж байна.
“Чайна Энержи”-гийн тавьж байгаа нөхцөлүүдийн талаар юу хэлэх вэ? Жишээ нь Монголын биржийн арилжааны бус үнээр нүүрс авна гэж байна? Одоогийн үнээс хямдхан үнээр гэсэн үг шүү дээ?
Бид огт байхгүй байгаа зүйлийг хямдхан зарах гэлээ гэж харамлаад байна гэж л бодож байна. “Чайна Энержи” уурхайн олборлолтыг нэмэгдүүлж, тэндээс нүүрс авъя гэж байгаа юм байна гэж ойлгосон. “Эрдэнэс Тавантолгой” одоо 30-40 сая тонн нүүрс олборлож, зарж байгаа. Гол худалдан авагчдадаа энэ нүүрсээ борлуулаад явна. Үүн дээр нэмээд жил бүр 16-20 сая тонныг өөр компани авъя гэж байна. Бараа бүтээгдэхүүн борлуулдаг компанийн хувьд энэ нь борлуулалтын тоо хэмжээгээ өсгөх боломж. Шинэ, удаан хугацааны, тогтвортой худалдан авагч бий болж байна гэдэг өнцгөөс харахад. Шинээр зарах гэж байгаа бүтээгдэхүүний үнийг тодорхой хэмжээний хөнгөлөлттэй нөхцөлөөр өгч яагаад болохгүй гэж. Үүнийг төлөвлөөгүй шинэ орлого гэж харах нь зохимжтой байх.
Бусдаар бол тодорхой хэмжээнд тохиролцох, нөхцөлүүдээ харилцан ашигтай байлгах, шаардлагатай бол зарим хуулийн өөрчлөлт хийх зэрэг нь хэлэлцээний явцад шийдэж болох асуудлууд байх.
“Чайна Энержи” Ганцмод хүртэл төмөр зам барьсан боловч Монголын тал төмөр замаа тавиагүйгээс 2 тэрбум гаруй юанийн алдагдал хүлээсэн, үүнийг нэхэмжлээгүй гэх утгатай зүйлс яригдах болсон. Тухайн үеийн гэрээнд ийм тохиролцоо байсан юм уу? Эсвэл арай өөр зүйл яригдаад байна уу?
Миний ойлгосноор “Чайна Энержи” алдагдсан боломжоо хэлсэн байх. Үндсэндээ 2014 онд манай улсад Ши Жинпин дарга төрийн айлчлал хийх үед Хятадын талтай төмөр замын холболтын тухай ерөнхий нөхцөлүүдээ тохиролцож, тухайн үеийн “Шинхуа Энержи” компани Ганцмод боомт хүртэл төмөр замаа богино хугацаанд барьж, ашиглалтад оруулсан. Харин манайх тохирсноосоо хэд хэдэн удаа эргэж буцсан. Саяхан 2 жилийн өмнө өргөн царигаар Гашуунсухайт хүртэл төмөр замаа барилаа. Манай улс Тавантолгойгоос Гашуунсухайт, цаашлаад Ганцмод боомттой төмөр замаар холбогдох төслөө анх ярьж байх үедээ л хэрэгжүүлсэн бол өнөөдөр ийм байдалд хүрэхгүй байсан. Өнөөдөр төмөр зам ямар чухал байсныг, тэр дундаа хилийн холболтын төмөр зам барьсан бол ийм асуудалд орохгүй байсныг бүгд хүлээн зөвшөөрч, энэ төмөр замыг цаг хугацаанд нь бариагүйгээс алдагдсан боломж хэдэн арван тэрбум доллар болсныг бүгд л хэлж ярьж байх шиг байна. Хятадын талд ч үүнтэй адил алдагдсан боломж гэж байгаа. Маш их мөнгөөр төмөр зам барьсан, үр өгөөжийг нь тооцоолсон хэмжээндээ авч чадахгүй байгаагаас тэр. Энэ утгаар л алдагдал хүлээсэн гэж хэлсэн болов уу гэж ойлгож байна. Түүнээс биш тухайн үед яригдаж, хийгдсэн гэрээ хэлцлээс болж аль нэг тал алдагдал нэхэмжлэх ямар нэг зохицуулалт байхгүй болов уу.
1 Сэтгэгдэл