“Mine golia” эргэж ирсэн гэж бодож байна

Mining Week & MinePro арга хэмжээний дөрөв дэх өдөр “Уул уурхайн санхүүжилт ба дэлхийн чиг хандлага” хуралдааны хэлэлцүүлгээр Монголын эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулалт татах боломжийг ярилцсан юм. Монголын хөрөнгө оруулалтын орчны өөрчлөлт, Засгийн газраас байгуулах гэж буй ураны Хөрөнгө оруулалтын гэрээний явц, хайгуулын салбарын нөхцөл байдал, мөн “Mine golia” дахин тохиох нөхцөл байдал ажиглагдаж буй зэрэг өргөн сэдвээр хэлэлцэж, панелистууд сонирхолтой байр сууриуд илэрхийлсэн бөгөөд тэдгээрээс тоймлон хүргэж байна. 

“Степ Голд” компанийн Дэд Ерөнхийлөгч, Санхүү хариуцсан захирал Жереми Саут

Би Монголд ирээд 14 жил болж байгаа тул энэ хугацаанд гарч буй өөрчлөлтийг анзаардаг. Намайг анх 2010 онд ирэхэд Хятад улс гол тоглогч, Монголын уул уурхайн салбарын томоохон хөрөнгө оруулагч байсан. Харин өнөөдөр энэ салбар томорч, мөн хөгжиж байна. Үнэхээр гайхалтай төлөвшил санагддаг. Ялангуяа Оюутолгой үнэхээр гайхалтай боловсон хүчин, ур чадварыг бий болгож хөгжүүлсэн. Монгол одоо уул уурхайн том орон болсон. Энэ нь хөрөнгийн зах зээл дээр бидний анзаарах зүйл юм. Миний хувьд Монголын гол чиг хандлага нь хөгжлийн үе шатны төслүүдийг ихэвчлэн дотоодоос, гол төлөв Монгол дахь байгууллагууд санхүүжүүлдэг. Манай компани ч мөн адил. Харин одоо эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулалт татах, нэмэгдүүлэх шаардлагатай үе. 

Олон улсын банкууд дөрвөн жилийн өмнө Монголын уул уурхайн бизнесээс гарсан. Одоо чухал ач холбогдолтой ашигт малтмал, алтны үнэ, хувьцааны үнэ цэн, бэлэн төслүүд байгаа учраас энэ давуу тал, боломжийг харна гэж бодож байна. Төсөл амжилттай хэрэгжихэд дэд бүтэц чухал. Засгийн газар ч энэ тал дээр ажиллаж байгааг мэдэж байна. Монголд зөвшөөрөл авах эрсдэл бусад олон оронтой харьцуулахад маш бага. Харин хөгжилд шаардлагатай хөрөнгийн дутагдал хамгийн гол эрсдэл бөгөөд үүнийг хөрөнгө оруулалт татах байдлаар шийдвэрлэх боломжтой. 

Гэхдээ Хятадтай хил залган оршдог, тоног төхөөрөмж түргэн шуурхай авах асар том давуу талтай бөгөөд төрөл бүрийн бүтээгдэхүүний бэлэн зах зээл байгаа нь ихээхэн ашигтай. “Mine golia” гарцаагүй эргэж ирсэн гэж бодож байна. 

Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын зүгээс эрдэс баялгийн салбараа дэмжиж байгаагаа тодорхой илэрхийллээ. Гол нь тууштай байдал хэрэгтэй. Засгийн газрын тэргүүний хэлсэнтэй нийцэх хууль эрх зүйн орчин хэрэгтэй. Энэ нь хөрөнгө оруулалт татах нөхцөл болно. Зарим төслийг үйлдвэрлэлийн шатанд шилжихэд илүү их хөрөнгө оруулалт шаардагдана. Одоо алтны шинэ уурхай олборлолтын шатандаа орж байгаа. Энэ бүгд бодит ажил болж чадах юм бол хөрөнгө оруулагчдын итгэл сэргэнэ, Монголд орж ирнэ.

Майнинг Инсайт сэтгүүл, Аравдугаар сар 2024 №10 (035)