Г.Ёндон: Бид аятай, таатай санхүүжилт хүлээж байна

Н.СҮХБАТ

Майнинг Инсайт сэтгүүл 11 дэх удаагийн IMARС-аас мэдээлж байна.

-Энэ удаагийн IMARC2024-ийн чиг хандлага ямар байна вэ? Танай үйлдвэр ямар төсөл танилцуулж байгаа вэ?

"Эрдэнэт Үйлдвэр" ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндон: 

Ер нь сүүлийн 2-3 жилд уул уурхайн томоохон арга хэмжээний үеэр яригдаж буй гол асуудал бол эрчим хүчний шилжилт, ногоон шийдэл, критикал минерал, улс орон болгоны бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ярилцаж, танилцуулж байна. "Эрдэнэс Монгол"-ын удирдлагуудтай хоёр, гурван критикал минералын илтгэл хэлэлцүүлэгтэй танилцлаа. Манай үйлдвэрийн хувьд зэс үйлдвэрлэдэг. Зэс өнөөдөр ногоон эдийн засаг, эрчим хүчний шилжилтэд чухал ашигт малтмал болж байгаа. Сүүлийн хоёр жилийн хугацаанд 4-5 улсын критикал минералын жагсаалтад зэс гэдэг бүтээгдэхүүн орж ирлээ. IMARC арга хэмжээний үеэр ч гэсэн хэд хэдэн томоохон төслүүд танилцууллаа. Монгол Улсаас сүүлийн үед эрчимжиж байгаа алтны болон зэсийн төслүүд байна. Энэ бол нэлээд талархууштай. Бас салбарын сайд өчигдөр болсон "Монголын өдөрлөг"-ийн үеэр манай салбарын хийх ажил, Монгол Улсын бодлогын талаар сонирхолтой зүйлийг ярьсан. "Эрдэнэт Үйлдвэр"-ийн хувьд IMARC-т нэг зүйл танилцуулж байгаа. Тэр юу вэ гэвэл зэс хайлуулах төслийг танилцуулж байна. Өнгөрсөн гуравдугаар сард PDAC2024 чуулганы үеэр илтгэл тавьсан. Төслийн техникийн шийдэл, технологио сонгочихсон. Одоо бол бид бүхэн аятай таатай санхүүжилтийг хүлээж байна. "Эрдэнэт Үйлдвэр"-ийн хувьд санхүүжилтэд хүндрэл байхгүй. Гэхдээ аль болох удаан хугацааны бага хүүтэй зээл байвал сонирхоход бэлэн байгааг уулзалтуудын үеэр ярилцаж байна.