Зөвхөн цэвэр эрчим хүчний салбарын тооцооллоор авч үзэхэд ирээдүйд эрдэс баялгийн эрэлт хэрэгцээ 500 дахин нэмэгдэхээр байна. Тэгвэл 20-30 жилийн дараа юу болох вэ? Хүн төрөлхтөн энэ чиглэлд юу хийж чадах, бас юуг хийж чадахгүй вэ гэдэг нь “Ирээдүйн эрдэс баялаг 2025 ” хурлын гол сэдвийн нэг байв. Энэ талаар оролцогчдын байр суурийг хүргэж байна. Мөн дэлхий дахинд цаашид өрсөлдөөн нэмэгдэх үү, хамтын ажиллагаа өргөжих үү гэсэн асуултын хариултыг сонирхуулъя.
Саудын Арабын Сангийн сайд Мохаммед Аль-Жадаан "Уул уурхай хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах гэж байгаа бол төр нь бүхий л салбарын хоорондын уялдаа холбоог маш сайн хангах нь чухал. Хоёрт, дата мэдээлэлгүйгээр салбар хөгжихгүй. Саудын Араб уул уурхайн бүхий л мэдээллээ компаниудтайгаа хуваалцаж, эрэл хайгуул хийхэд нь тусалдаг. Гуравт, эрх зүйн орчин. Хөрөнгө оруулагчдыг татах гэж буй бол бид итгэлийг олж даах чадвар бүхий ээлтэй орчинтой байх ёстой. Компаниудад тусгай зөвшөөрөл авах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Ирээдүйд үйл ажиллагаа хэрхэн өрнөх нь тодорхой, ойлгомжтой байх ёстой. Уул уурхай ихээхэн хөрөнгө оруулалт шаарддаг тул төр дангаар хөрөнгө оруулалтыг хангаж чадахгүй. Үүний тулд уул уурхайн салбарын бүрэлдэхүүн тус бүрт анхаарал хандуулж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг хэрхэн татахаа бодох хэрэгтэй. Төрөөс татаас өгөх, АМНАТ-өөс чөлөөлөх зэргээр дэмжлэг үзүүлэх учиртай.
Мөн бид өмнө гаргасан алдаагаа давтмааргүй байна. Ашигт малтмал олборлохдоо нэг талаас хөрөнгө оруулагч, нөгөө талаас орд, уурхай байршиж буй улс орны эрх ашгийг ч бодох хэрэгтэй. Дээрээс нь технологи нэвтрүүлэх шаардлагатай. Тэгж байж илүү бүтээмжтэй, аюулгүй, эрчим хүчний хэмнэлттэй уул уурхайг бий болгоно. Эрчим хүчний шилжилт Африкгүйгээр хийгдэх ямар ч боломжгүй. Африкийн нөөц баялаг үүнд чухал үүрэгтэй. Ашигт малтмалын олборлолтоос гадна дэд бүтцэд ч хөрөнгө оруулалт хэрэгтэй. Африк дэд бүтэц муутайн улмаас эрдэс баялгаа бүрэн дүүрэн ашиглан хөгжиж чадахгүй байна.
Бид дөрвөн жилийн өмнө “Супер бүс нутаг” ийг тодорхойлсон. Үүнд Ази, Африк ч багтана. Эрдэс баялгийг хэрэглэгч улс орнууд ч орох ёстой. Улс орнууд бүгдээрээ санхүүжилт, хүний хөгжил, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд оролцох хэрэгтэй юм. Үүнд хамгийн чухал нь аюулгүй байдал. Аюулгүй байдлыг хангахгүйгээр энэ их хэмжээний хөрөнгө оруулалтыг яаж хамгаалж, хадгалах билээ. Тиймээс бид хамтарч ажиллах хэрэгтэй байна. Төр, хувийн хэвшлийн түншлэлээ улам сайжруулах шаардлагатай. Олон улсын байгууллагууд ч чухал үүрэг гүйцэтгэнэ. Үүнд форум маш чухал индэр болж байна. Мөн технологи хөгжсөнөөр бидний хийж чадах зүйл улам нэмэгдэж, сайжирна. Хөрөнгө оруулагчид хайрцгаасаа гарч сэтгэх хэрэгтэй. Саудын Араб газрын тосгүйгээр хэзээ ч өнөөдрийн байр сууринд ирж чадахгүй байсан. Бид газрын тосоор олсон мөнгөө зөв хөрөнгө оруулалтаар өсгөж чадсан гэж боддог. Нэг жишээ дурдахад, Саудын Арабын хойд хэсэгт фосфатын орд бий. Ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа бүс нутгийг бүхэлд нь хөгжүүлсэн. Ийм байдлаар ажиллах нь зүйтэй гэдгийг Африкийн анд нөхдөдөө санал болгох байна. Хамтын ажиллагаа явагдах ёстой. Энэ бол манай формын зорьж буй ирээдүй юм" гэв.