Гуравдугаар сард нүүрсний үнэ унаснаар гарц нэмэгджээ

Он гарснаас хойш дөрөвдүгээр сарын 22-ны байдлаар 22.9 сая тонн нүүрс экспортолсон. Энэ нь өмнөх оны мөн үе (ӨОМҮ)-ээс өссөн гэдгийг Экспортыг дэмжих, валютын нөөцийг нэмэгдүүлэх ажлын хэсэг өчигдөр (2025.04.23) мэдээллээ. 
Монгол Улс он гарснаас хойш 1-р сард 5.8 сая тонн, 2-р сард 5.7 сая тонн, 3-р сард 6 сая тонн, 4-р сарын 22-ны байдлаар 5.4 сая тонн нүүрс экспортолсон. Харин нүүрсний экспортын үнийн дүнгийн зөрүү ӨОМҮ-тэй харьцуулахад 1-р сард 340 сая ам.доллар, 2-р сард 446 сая ам.доллар, 3-р сард 884 сая ам.доллар болж өсөөд байна.
Манай нүүрсний гол худалдан авагч БНХАУ-ын нүүрсний импорт эхний улирлын байдлаар 114.8 сая тонн болж ӨОМҮ-ээс 0.9 хувиар буурсан. Харин металлургийн нүүрсний импорт 27.4 сая тонн хүрч ӨОМҮ-ээс хоёр хувиар өссөн байна. 
Уг бага зэргийн өсөлтөд Монголын нүүрсний бууралтыг АНУ, Канад нөхсөнөөр нөлөөлсөн. Харин Монголын металлургийн нүүрсний үнэ 3-р сард унаснаар нийлүүлэлтийн хэмжээ өмнөх сартай харьцуулахад 40 хувиар өсөж, 4.4 сая тонн хүрсэн гэж S&P Global-аас мэдээлжээ.