Э.МИШЭЭЛ
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны гишүүн Д.Үүрийнтуяа МЭЗСК-тэй зэс хайлуулах үйлдвэрийн талаар чөлөөт уулзалт (2025.12.10) хийлээ. Түүний ярианаас тоймлон хүргэж байна.
Засгийн газраас 14 мега төсөл хэрэгжүүлэхээр болсон. Эдгээр төслийг эрэмбэлэх ажлыг олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна. Одоогоор ямар төсөл эхэнд хэрэгжүүлэх нь эцэслээгүй байна. Мега төслийг хэрэгжүүлэхээр УИХ-аас Ажлын хэсэг гарсыг миний бие ахалсан. Бидний хувьд хэтэрхий өөдрөг төслүүд мега төсөл дунд орчихсон уу гэж харсан. Төслүүд дундаас идэвхтэй хэрэгжих боломжтой төсөл байгаа. Тухайлбал Эрдэнэт үйлдвэрийн дэргэд байгуулах зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийг нэрлэж болно. Манай эдийн засаг нүүрс, зэс хоёр төрлийн нэр бүтээгдэхүүн дээр тогтож байна. Гэтэл нүүрсний үнэ өсөж, буурахад төсөв дагаад савладаг. Өнөөдрийн байдлаар нүүрсний экспортын орлого төсөвт тусгасан үнийн дүнгээс 35 орчим хувиар доогуур явж байна. Ерөнхий сайд ажлаа авснаас хойш төсвийг 2 их наяд төгрөгөөр бууруулж өдий зэрэгтэй явж байна.
Манай улсын санхүү цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгөнөөс хэтрэхгүй байна. Мөнгөн урсгалд доголдол үүссэн. Макро түвшинд харахаар эдийн засаг өсөлттэй, ДНБ өндөр, валютын нөөц ихэссэн. Гэвч яагаад ийм нөхцөл байдал үүсэж, мөнгөн урсгалд доголдол үүссэн бэ гэхээр гадаад зах зээлээс мөнгө оруулж ирдэг хоёр төрлийн л бүтээгдэхүүнтэй холбоотой юм. Уул уурхайгаас шууд хамаардаг учраас ингэж нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл өнөөдрийн ийм нөхцөл байдал бол мөнгөний орлого, зарлагыг төлөвлөөгүйгээс асуудал үүсдэгийн нэг тод кэйс гэж хэлж болно.
Бидний хувьд экспортын орлогыг нэмэгдүүлэх нь чухал. Тиймээс экспортод гаргадаг уул уурхайн бүтээгдэхүүн аль болох нэмүү өртөг шингэсэн, үнэлэмж өндөртэй эцсийн бүтээгдэхүүн байх юм. Тухайлбал Эрдэнэтийн нөөц дээр ийм үнэлэмж өндөртэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр барих гэж байна. Нөгөө талдаа Оюутолгойд барих ёстой байсан. Оюутолгойн сонсгол явагдаж байх үеэр Ч.Хүрэлбаатар сайдын хэлснээр тэнд хайлуулах үйлдвэр барихаар тусгасан боловч яагаад орхигдуулсан нь ойлгомжгүй байна гэсэн. Хэрэв орхигдоогүй бол 2012 онд зэс хайлуулах үйлдвэр Оюутолгойд баригдах байсан. Оюутолгой бол Эрдэнэттэй харьцуулахад агуулга өндөртэй, алттай гэдгээр онцлог. Эрдэнэт бол молибдени-зэс порфирын орд. Өөрөөр хэлбэл Оюутолгой бол илүү үнэ цэнтэй юм.
Өнөөдөр Эрдэнэтэд зэс хайлуулах үйлдвэр барихаар төлөвлөсөн байгаа. Эрдэнэт жилд 600 мянган тонн зэсийн баяжмал гаргаж байна. Дэлхийд зэсийн баяжмалын үнэ 11.5 мянган ам.долларт хүрчихсэн байхад Эрдэнэтийнх 2000 гаруй ам.долларт гаргаж байгаа. Эрдэнэтийн баяжмал дахь зэсийг салгаж үзвэл 130 мянга орчим тонн болдог. Гэтэл шороотой нь цуг тээвэрлэх бол 600 мянган тонн буюу илүү их зардал гаргадаг. Дээр нь бага үнээр зарж байна. Монгол Улсад катодын зэсийг үйлдвэрлэх нь чухал байгаа.
Эрдэнэтээс гарсан 130 мянган тонн цэвэр зэсийг ашиглаж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хувийн хэвшлийн орон зай зэс хайлуулах үйлдвэр баригдсанаар гарч болохоор байна. Тухайлбал, зэс кабель, зэс хавтан, нано технологид хэрэглэдэг зэс нунтаг үйлдвэрлэж эхлэхэд өгөөж нь гарна. Зэсийн нунтгийн тонн тутам нь 100 мянган ам.доллар, зэс кабель 15-20 мянган ам.долларт хэлбэлзэж байгаа. Ийм хэмжээний нэмүү өртөг шингээх боломж байна. Нэмүү өртөг шингээсэн үйлдвэрийн зардал зэс хайлуулах үйлдвэрээс бага. Тиймээс бид зэсээр эцсийн бүтээгдэхүүн хийх боломжийг бүрдүүлэх хэрэгтэй байна. Энд төр заавал оролцох шаардлагагүй юм.
Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх зэс хайлуулах үйлдвэрээс гарсан зэсийг дотооддоо дараагийн шатны үйлдвэрлэлд оруулах хууль эрх зүйн орчныг бий болгомоор байна. Ингэж зэсийг эцсийн бүтээгдэхүүн болгосноор эдийн засгийн өсөлт аяндаа ирнэ. Үүнийг дагаж жижиг дунд үйлдвэрлэл нэмэгдэнэ. Яагаад гэвэл аж үйлдвэр хөгжих тусам түүнд нийлүүлдэг бусад үйлчилгээ дагаж хөгждөг.
Эрдэнэт үйлдвэрийн дэргэд дэд бүтцийн асуудлыг үндсэндээ шийдээд дуусчихсан. 1200 га газрыг бэлдчихсэн байгаа. Эндээс 200 га газарт хайлуулах үйлдвэр, дараагийн шатны үйлдвэр, хайлуулах үйлдвэрийг түшиглэсэн химийн үйлдвэр багтаж байна. Хэрэв фосфорын баяжмал ашиглавал фосфорын бордоо үйлдвэрлэх төсөл явна. Үлдсэн 1000 га газарт хувийн хэвшил орж ирэх нөхцөлийг бүрдүүлсэн. Гэтэл зэс хайлуулах үйлдвэрийн ТЭЗҮ, зураг төсөл, технологийн шийдэл, туршилт нь амжилттай болсон ч АҮЭБЯ, ЗГХЭГ-т очоод гацчихсан. Үүнд шүүмжлэлтэй хандаж, шахаж шаардаад явж байна.
Зэс хайлуулах үйлдвэрийг АҮЭБ-ийн сайд, ЗГХЭГ-ын дарга хоёрын аль нь хийж хэрэгжүүлэх нь ойлгомжгүй байгаа.
Хайлуулах үйлдвэрийн төсөл 760 сая ам.долларын өртөгтэй. Гэвч 1.1 тэрбум ам.доллар болж орж ирсэн. Үүний шалтгааныг ТЭЗҮ дахин боловсруулах шаардлагатай гэсэн. Дахин ТЭЗҮ боловсруулах шалтгааны үндэслэл тодорхойгүй байсан. Харин Г.Дамдинням сайд ажлаа авсны дараа буцаад 760 сая ам.доллар болгон өөрчилсөн.
Уг нь 10 дугаар сард олон улсын тендерийг зарлах байсан боловч улс төрийн нөхцөл байдлаас хойшилчихлоо. Тендерийг зарлахаас өмнө санхүүжилтийг шийдэх ёстой. Өнөөдөр улсын төсөв ийм байхад том төслийг санхүүжүүлэх боломжгүй. Тиймээс Эрдэнэт үйлдвэр өөрөө хөрөнгө оруулалт хийе гэвэл тусдаа шийдвэр гаргана. Ийм нөхцөлд ногдол ашгийг бууруулж оруулж ирэх хэрэгтэй байна. Нөгөө талаас хувийн хэвшилтэй хамтарч хөрөнгө оруулалт хийж болно.
Хүхэрлэг хийг хатуу төлөвтэй хүхэр болгохын тулд байгалийн хийг олон улсад ашигладаг. Манайд байгалийн хий байхгүй учраас Шарын голын нүүрснээс хий гаргаж ашиглахаар болсон. Энэ оюуны өмчийг Эрдэнэт үйлдвэр Хятадын NFC-тэй хамтарч эзэмшиж байгаа. Ийм бэлэн болчихсон төслийг шуурхайлмаар байна.
Хайлуулах үйлдвэрээс орж ирэх хөрөнгийг дараа дараагийн төслүүдийн санхүүжилтэд ашиглаж болно. Хайлуулах үйлдвэр ашиглалтад орсноор найман жилийн дотор гаргасан хөрөнгө оруулалтыг нөхөх тооцоо гарсан.



















