АНУ: ОХУ-ын хөнгөн цагаанд бүрэн хориг тавихаар хэлэлцэж байна

Э.ОД

Орос, Украины зэвсэгт мөргөлдөөн хурцадсантай холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байдены засаг захиргаа Оросын хөнгөн цагаанд бүрэн хориг тавихаар хэлэлцэж байна. Шууд хориг тавих, тарифын хориг, эсвэл Оросын металл үйлдвэрлэгч United Co. Rusal International PJSC компанийг хоригт оруулах гэсэн 3 хувилбарыг Цагаан ордон харж буй. Энэ долоо хоногт Киев болон Украины бусад хотууд Оросын пуужингийн довтолгоонд дэд бүтэц, энгийн суурин газрууд өртсөнтэй холбогдуулан АНУ-аас уг хоригийг авч үзэх гэж байгаа юм.
Ийм алхам нь дэлхийн хөнгөн цагааны зах зээлд өргөн хүрээтэй сөрөг үр дагавар авчрах ба АНУ болон бусад орны хэрэглэгчид хөнгөн цагаан орлуулах металлын эрэлд яаравчлахад хүргэнэ гэж шинжээчид үзэж байна. Учир нь Орос бол хөнгөн цагааны үйлдвэрлэлээр Хятадын дараа ордог дэлхийн хоёр дахь том үйлдвэрлэгч орон юм. АНУ-ын хөнгөн цагааны нийт импортын 10 орчим хувийг ОХУ нийлүүлдэг. “Русал” тэргүүтэй Оросын бусад компаниудад хориг тогтоосноор дэлхийн металлын зах зээлийг тогтворгүй болгоно гэж шинжээчид харж байна.

Хэрэв хориг тогтоовол автомашин, барилга болон дэд бүтцээс эхлээд iPhone утас зэрэг бүх үйлдвэрлэлд чухал ач холбогдолтой хөнгөн цагааны дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулж болзошгүйг АНУ-ын албаныхан хүлээн зөвшөөрч буй аж.

Долоо хоногийн өмнө Лондоны металлын биржээс ОХУ-ын UMMC групп болон охин компаниудын зэс, цайрын шинэ нийлүүлэлтийг хязгаарлахаар болсон. Тухайн үед олон улсын мэргэжилтнүүдийн тайлбарласнаар, Орос, Украины дайнаас хойш Оросын зэс, цайр, хөнгөн цагаан зэрэг металлууд АНУ болон Европын хориг арга хэмжээнд онцгойлон өртөөгүй.

Тэгвэл өнгөрсөн сард “Bloomberg” сувагт ярилцлага өгөх үеэрээ Рио Тинто группын Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм нь Австрали зэрэг холбоотнууд Д.Трампын засаг захиргаанаас гаргасан хязгаарлалттай одоо ч тулгарсаар байх үед Оросын хөнгөн цагааны нийлүүлэлт ямар ч хязгаарлалтгүйгээр АНУ руу орж байгаа бөгөөд Хойд Америкийн үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг бууруулж байна гэсэн байр суурь илэрхийлжээ. Түүний ингэж хэлсэн нь Рио Тинто группын удирдлагын түвшинд хөнгөн цагааны салбарын талаарх хамгийн илэн далангүй үг гэж ашиглагчид тайлбарлаж байна.