Э.ОД
Канадын Teck Resources компани Чили дэх зэсийн Quebrada Blanca уурхайн II үе шатны (QB2) үйлдвэрлэлийг 2025 оноос эхлэн бүрэн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах тухайгаа мэдэгджээ. AES корпорац нь 17 жилийн турш сэргээгдэх эх үүсвэрээс жилд 1069 ГВт эрчим хүч Teck Resources- д нийлүүлэхээр тохиролцсон байна. 2025 оноос эхлэн QB2 үйлдвэрлэлийг бүрэн хангах ногоон эрчим хүчний эх үүсвэрт салхи, нар, усан болон батарейны үйлдвэрүүд багтсан аж.
Teck Resources-ийн тооцоолсноор, цэвэр эрчим хүчний энэхүү гэрээгээр жилд 1.6 сая тонн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулна. Энэ нь бензин түлштэй 340 мянган гаруй суудлын автомашиныг хэрэглээнээс гаргахтай тэнцэх гэнэ.
Амжилттай хэрэгжвэл 2025 он гэхэд үйл ажиллагааны хүлэмжийн хийн 0 ялгаралд хүрэх уул уурхайн анхны компаниудын нэг болно гэдгийг Teck Resources онцолжээ. Мөн тус компани Чили дэх Carmen de Andacollo уурхайн үйл ажиллагааг 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр хангана гэж өмнө нь мэдээлсэн.
Teck Resources -ийн чухал төсөл болох QB2 өнгөрсөн онд олборлолтоо эхлүүлэхээр төлөвлөж байсан. Энэ оны эцэс гэхэд анхны зэсээ гаргана гэж байгааг ч барилгын ажлаас шалтгаалан 2023 оны эхний сар хүртэл хойшлогдож магадгүйг компани мэдээлд дурджээ.
Сүүлийн 12 сарын хугацаанд Teck Resources-ийн хувьцааны ханш 34 хувиар өсөж нэг ханш 57.5 канад долларт хүрч тэмдэглэгдсэн. Тус компанийн зах зээлийн үнэлгээ 23.4 тэрбум канад доллар (17.5 тэрбум ам.доллар) байна.