BHP Group зэс, алтны OZ Minerals-г 6.5 тэрбум доллараар авах санал өгөв

Б.ЭНХМАА

Дэлхийн хамгийн том уул уурхайн компани BHP Group Австралийн OZ Minerals компанийг 6.5 тэрбум ам.доллар /9.6 тэрбум австрали доллар/-аар худалдаж авах санал өгчээ. Нэгж хувьцааг 25.25 австрали доллараар үнэлж байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн наймдугаар сард өгсөн 25 австрали долларын үнээс 13 хувиар өсгөсөн дүн юм. Худалдаж авах санал тавихаас өмнөх үнэтэй харьцуулбал 49.3 хувиар өндөр дүн юм. OZ Minerals компанийн хувьцаа эзэмшигчид уг саналыг хүлээн зөвшөөрөх магадлал өндөр хэмээн шинжээчид үзэж байна.OZ Minerals нь Австрали улсад голлон үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Бразил, Перу, Шведэд хайгуулын төсөл хэрэгжүүлдэг. Зэс, алтны 3 уурхайгаас гадна хайгуул, хөгжүүлэлтийн шатны 10 орчим төсөлтэй компани юм. Австрали дахь 3 уурхайгаасаа энэ оны эхний 3 улирлын байдлаар 87.7 мянган тонн зэс, 156 мянган унц алт олборлоод байна. Харин эхний хагас жилийн борлуулалтын орлого нь 909 сая австрали доллар. Энэ жил 120-135 мянган тонн зэс, 220 мянган унц алт үйлдвэрлэх төлөвлөгөөтэй. “Оюутолгой” компанитай харьцуулвал олборлосон зэсийн хувьд бага, харин алтны хувьд үл ялиг илүү байна.
Цэвэр эрчим хүч, цахилгаан машинд хэрэглэгддэг металлын эрэлт нэмэгдэж буйтай холбоотойгоор энэ чиглэлийн төслүүдийг томоохон компаниуд сонирхож байгаагийн нэг жишээ нь уг хэлцэл болж байна.
Харин “Туркойз Хилл Ресурс”-ын 49 хувийг худалдаж авах “Рио Тинто”-гийн саналыг хэлэлцэх хувьцаа эзэмшигчдийн хурал товлогдоогүй байна. “Рио Тинто”-гийн зүгээс Pentwater зэрэг жижиг хувьцаа эзэмшигчидтэй тохирсон тохиролцоогоо хүчингүй болгож байгаагаа мэдэгдсэн. Тиймээс “Туркойз Хилл Ресурс”-ын жижиг хувьцаа эзэмшигчид “Рио Тинто”-гийн 3.3 тэрбум ам.долларын саналыг зөвшөөрөх эсэхээ эцэслэн шийдвэрлэх л үлдээд байна.