"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нөөц нэмэгдүүлэхээр 99.5 мянган га талбайд хайгуул хийнэ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар тэргүүтэй төлөөлөл өнгөрсөн амралтын өдрүүдэд Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад ажиллав. Томилолтын эхний өдөр Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т ажиллаж ил уурхай, баяжуулах үйлдвэр, засвар механикийн заводын үйл ажиллагаа, ажлын явцтай танилцаж, үйлдвэрийн удирдлага, ажилтнуудтай уулзсан юм.

Үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангах, нөөцийг нэмэгдүүлэх асуудлыг салбарын сайд Ж.Ганбаатар Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлсэн талаар танилцуулж, 99.5 мянган га талбайд 6 хайгуулын тусгай зөвшөөрөл нэмж олгосныг үйлдвэрийн удирдлагуудад гардуулав.

Цаашид эдгээр талбайнуудад хайгуулын ажлыг үр дүнтэй гүйцэтгэж, нөөцөө нэмэгдүүлэх чиглэлд ажиллах шаардлагатайг салбарын сайд уулзалтын үеэр онцолсон. Мөн Эрдэнэт үйлдвэрийг түшиглэсэн үйлдвэрлэл технологийн парк байгуулах ажлыг эрчимжүүлэх чиглэлийг өглөө. Томилолтын баг Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨҮГ-ын Төмөртэйн ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Төмөр замын байгууламжийн үйл ажиллагаа, Нойтон баяжуулах үйлдвэр, Цувих цехийн ажлын явцтай танилцсан юм.
Үйлдвэрийн удирдлага шинэчлэгдсэн, Засгийн газрын тогтоолоор "Эрдэнэс Монгол" компанийн бүрэлдэхүүнд нэгтгэсэн зэрэг өөрчлөлтийн хүрээнд үйл ажиллагаанд эрс шинэчлэл хийх шаардлагатай талаар сайд Ж.Ганбаатар үйлдвэрийн удирдлагуудтай санал солилцож, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болов.

Төмрийн томоохон нөөц бүхий өөрийн ордоо хаягдалгүй ашиглаж, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлэн улсдаа ганц хүнд үйлдвэрээ өргөжүүлэхийн төлөө тал бүр идэвх гаргаж ажиллах хэрэгтэйг салбарын сайд онцолжээ.