Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагааг 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нээр зогсоож, “Монголын төмөр зам” ТӨХК-д нэгтгэн өөрчлөн зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Энэ нь төрийн өмчит компаниудын чиг үүргийн давхардлыг арилгах, төмөр замын суурь бүтцийн төрийн өмчийн ашиглалтыг сайжруулах, төмөр замын тээврийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, төрөөс хэрэгжүүлэх бодлого, шийдвэрийг шуурхай зохион байгуулахад ач холбогдолтой гэж үзэж байна. Тогтоол батлагдсанаар “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагааны зардалд төлөвлөсөн 5.6 тэрбум төгрөгийг Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу хэмнэнэ.
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн эрхийг “Монголын төмөр зам” хэрэгжүүлнэ.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг бүрэн дуусгахад шаардагдах хөрөнгийг “Эрдэнэс Тавантолгой” ХК үргэлжлүүлэн санхүүжүүлж, төмөр замын үйл ажиллагаа, аюулгүй байдал, үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлд “Монголын төмөр зам” ТӨХК мэргэжлийн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллана.