Монголын уул уурхайн салбар болон Гашуунсухайт боомт, дэд бүтэц, нүүрсний экспортын асуудлаар “Энержи Ресурс” компанийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэлтэй Mining Insight-ийн Э.Оджаргал ярилцлаа.
Гашуунсухайт боомт дээр нөхцөл байдал ямархуу байна вэ?
Монгол Улсын экспортын 50 гаруй хувийг Гашуунсухайт боомт хангаж байна. Оюутолгойн зэсийн баяжмалын зэрэгцээ “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи Ресурс” болон “Тавантолгой” компани нүүрс экспортолдог. Өндөр ач холбогдолтой боомт хэдий ч дэд бүтцийн шийдлүүд нэлээд хоцорсон, хөрөнгө оруулалт, хөгжлийн хувьд орхигдсоор ирсэн боомт. 2012 онд “Эрдэнэс Монгол” компанитай хамтран, дийлэнх санхүүжилтийг “Энержи Ресурс” компаниас гаргаж нийт 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Гашуунсухайт боомтын одоо ашиглаж буй дэд бүтцийг бий болгосон. Тэр үеэс хойш 10 гаруй жилийн хугацаанд боомтод нэмж ажлууд хийгдсэнгүй. БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн 1 тэрбум юанийг хоёр улсын худалдааг өргөжүүлэх үүднээс Замын-Үүд, Гашуунсухайт боомтын хөрөнгө оруулалтад зарцуулахаар шийдсэн байдаг. 2020 оноос цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор боомтыг шинэчлэх, өргөтгөх ажил удааширсан гэж ойлгосон. Уг нь санхүүжилт шийдэгдсэн, зураг төсөл нь гарсан, хариуцсан “Хөгжлийн хөтөч” гэж нэгж бий. 2021 онд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд чингэлэг тээврийн терминалыг байгууллаа. Засгийн газар болон төрийн байгууллагууд шуурхай ажилласан. “Энержи Ресурс”-ын зүгээс Монгол Улсын нийтлэг эрх ашгийн үүднээс 40 гаруй тэрбум төгрөгийг өөрийн санхүүжилтээс урьдчилан гаргаж, бүх хүчээ дайчлан ажиллалаа. Чингэлэг тээврийн терминалын ашиглалт одооноос сайжирч байна. Өмнө нь жолооч PCR шинжилгээ өгч, өдөрт 1 удаа хилээр нэвтэрдэг байсан бол одоо терминалаас гарах машинууд өдөртөө 2 эргэж байна. Бүтээмж сайжирч, нүүрсний экспорт нэмэгдэж эхэллээ. Бүтээн байгуулалтад төр, хувийн хэвшлийн компаниуд хамтран оролцсоноор ажил илүү хурдан явдаг бодит жишээг харуулсан ажил боллоо.
Ийм түншлэлээр анх барихаар төлөвлөсөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг 10 гаруй жилийн дараа төр эргээд хувийн хэвшлийнхэнтэй хамтран хэрэгжүүлж байна. Төмөр замтай болох хүлээлт өнөө ч хэвээрээ?
Тавантолгой-Гашуунсухайт чиглэл нь зорилтот зах зээлтэй холбогдох экспортын төмөр зам гэдгээрээ онцлог. Төмөр замыг хоёр улсын хилээр холбох цэгийг талууд Ерөнхий сайдын Хятад Улсад хийсэн айлчлал, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол дахь айлчлалаар тохиролцсон гэж ойлгосон. Уурхайгаас боомт хүртэлх 230 км төмөр зам баригдаад дуусаж байна.
Хилээр холбох боомтын 20 км төмөр замын улс төрийн шийдвэр нь гарсан болохоор аж ахуйн шийдэл нь олдох биз ээ.
Хил дамнасан байгууламжийн барилга угсралтын ажилд багадаа 1-2 жилийн хугацаа орох болов уу. Хятадын сүлжээтэй ингэж бүрэн холбогдсоноор Монголын экспортын бүтээгдэхүүн тээврийн хямд өртгөөр зорилтот зах зээлдээ гарах үр ашигтай зам болно. 2014 онд л төмөр замыг хилээсээ уурхай руу татах шийдэл дэвшүүлж, “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи Ресурс”, “Тавантолгой” компаниуд Хятадын Ганцмод боомтын төмөр замын эзэмшигч “Шенхуа” групптэй хамтарсан компани байгуулан, Гашуунсухайт боомтын төмөр замын төслийг хэрэгжүүлэхээр явсан. Засгийн газраас ч дэмжсэн. Хамтарсан компанийн 51 хувийг Монголын тал эзэмших, 49 хувьд Хятадын төмөр зам эзэмшигч “Шенхуа” групп орж хөрөнгө гаргах концессийн нэг хэлбэрээр явсан. Хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын төмөр замд шилжүүлнэ гээд яриа хэлэлцээр хийгдээд явж байсан ч тодорхой шалтгаанаар гацаж зогссоныг бүгд санаж байгаа байх. Хилийн тээврийн хүндрэл бэрхийг сая цар тахлын жилүүдэд монголчууд тодорхой мэдэрлээ шүү дээ. Төмөр замаар тээвэрлэхийн хамгийн гол зорилго бүтээгдэхүүнээ хилээр давуулах. Монгол дотроо төр, компаниуд хамтраад тээврээ зохицуулчих асуудал. Харин хил дамнасан тээвэр бол тодорхой хэмжээгээр нөгөө талын улсаас хамаардаг.
“Эрдэнэс Тавантолгой” компани нүүрсний экспортоо 45-50 сая тоннд хүргэх зорилт тавиад явж байна. Тавантолгой-Гашуунсухайт төмөр зам 30 сая тонн хүчин чадалтайгаар төлөвлөгдөж байгаа. Тавантолгойн бүлэг ордод үйл ажиллагаа явуулдаг бусад компанийн экспортын боломж хэр байх бол?
Гашуунсухайт боомтын чиглэлд 30 сая тоннын хүчин чадалтай төмөр замын зэрэгцээ одоо ашиглаж буй авто замаар 20 сая тонн тээвэрлэх хүчин чадалтай. Түүнчлэн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын хүчин чадал 15 сая тонн. Тус замаас Ханги боомт руу салсан 15 сая тонны төмөр зам баригдаж байгаа. Замын-Үүдийн боомт руу салсан бэлэн УБТЗ бий. Үүгээр ерөнхий тооцож үзвэл зөвхөн Тавантолгойн бүлэг ордоос экспортлох нүүрсний хэмжээ 65 сая тонн болно гэдэг нь ихээхэн өсөх тоо. Төмөр замын сацуу авто замууд баригдаж байна. БарууннаранЦагаандэл уул чиглэлд баригдах замаар 10 сая тонн тээвэрлэнэ.
Улс төржилт, орон нутгийн эсэргүүцэл зэргээс улбаалж гацчихгүй бол дэд бүтцийн ажлууд хэрэгжих, төмөр замуудыг хилээр холбох, тээвэрлэлтийн үйл ажиллагаа жигдэртэл 2-3 жилийн хугацаа орно.
Тиймээс дэд бүтцийн хөгжлөөс хамаарч манай улсын нүүрсний экспорт 2-3 дахин нэмэгдэх барагцаа тооцоо байна. Мөн эрчим хүчний нүүрсээ ч экспортлох боломжтой болно. Засгийн газар “Шинэ сэргэлт” бодлогоор нэн түрүүнд боомтын хөгжил, дэд бүтцэд анхаарч байна. Улс төрийн ямар нэгэн эрх ашиг, сонирхолгүйгээр монголчууд нэг зүгт харж төмөр замын төслүүдээ хэрэгжүүлж чадвал Монгол Улсдаа ч, нийт иргэддээ ч хэрэгтэй юм.
Шинээр ашиглалтад орох дэд бүтэцтэй уялдуулан “Энержи Ресурс” компани нүүрсний экспортоо нэмэгдүүлэх үү?
“Энержи Ресурс“ компани оргил үедээ 6 сая тонн нүүрс экспортолсон. ТЭЗҮ-ээр Ухаахудагаас 10 гаруй сая, Баруун Нарангийн уурхайг нэмбэл нийтдээ 12 сая тонн баяжуулсан нүүрс гаргах чадамжтай. Дэд бүтцийн нөхцөл бүрдвэл экспортын нүүрсний хэмжээгээ хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой гэсэн үг. Ухаахудагийн баяжуулах үйлдвэр 15 сая тонн хүчин чадалтай ч дээд тал нь 10 сая тонн нүүрс угааж байсан. Ганц “Энержи Ресурс” бус Тавантолгой бүлэг ордод үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэс Тавантолгой”,“Тавантолгой” компани бүгд экспортоо нэмэгдүүлэх хангалттай орон зай байна.
Бугатын ган үйлдвэрлэгч, нүүрсний хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг “Энержи Ресурс” компани Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замаар хэчнээн тонн нүүрс тээвэрлэх төсөөлөл байгаа вэ?
Худалдан авагчийн байршлаас хамаарна. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замаар явах нь дөт байж мэднэ. Зарим нь Гашуунсухайт боомтоор авъя гэж ч магад.
Геополитикийн өнөөгийн нөхцөл байдалд зарим улс орнуудад Монголоос нүүрс авах сонирхол нэмэгдэж байх шиг?
ОХУ-аас нүүрс худалдаж авахаа зогсоосноо Европын Холбоо зарласан. Нөгөөтэйгүүр, хийн үнэ өссөнөөс Европт эрчим хүчний нүүрсний эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна. Оросоос импортлохгүй болчихоор Австрали, Өмнөд Африкийн эрчим хүчний нүүрсний нийлүүлэлт Европ руу нэмэгдэнэ. Гэлээ ч дутагдал бий тул Монгол, Киргиз, Казахстанаас эрчим хүчний нүүрс авах асуудал яригдаж байгаа. Ер нь Монголын эрчим хүчний нүүрсийг авах сонирхол, эрэлт илт нэмэгдсэн. Хийн үнийн өсөлт, нийлүүлэлт нь хэлбэлзэлтэй, өвлийн улирал ойртсон болохоор манай нүүрсний зах зээлд огцом шок орж ирэх байх. Харин хэр удаан үргэлжлэхийг таашгүй.
Эрчим хүчний нүүрсний нөөц ихтэй манай улсын хувьд экспортоо ахиулж, ашиг хийх боломж мөн үү?
Энэ өвлийн тухайд Монголын эрчим хүчний нүүрсэнд боломж гарч ирж байна. Цаашдаа тогтвортой эрэлт үү, дайны байдлаас улбаалсан богино хугацааны боломж уу гэдгийг хэлэхэд хэцүү юм. Гадаад байдал монголчууд биднээс хамаарахгүй. Гэхдээ манай улсад боломж мөн.
Боломжийг ашиглана гэхээр хөрш орнуудын нутгаар дамжин тээвэрлэх нь том асуудал болох байх? Хятадын төмөр замын дотоодын тээвэрт Монголын нүүрс багтах хүндрэлтэй юу?
Төмөр замаар тээвэрлэх нийлүүлэлтийг Монголын компаниуд хийж чадахгүй. Орос, Хятадын төмөр замын тээврийн компаниудтай тохирч л хийнэ. Манай төр засгийн түвшинд анхаарах хэрэгтэй юм. Оросын нутгаар тээвэрлэж болно. Гэхдээ геополитикийн байдлын улмаас далайн тээврийн компаниуд Оросын боомтууд руу очихгүй байх. Хоригт усан онгоцуудаа гацаах зэрэг асуудал үүсэх эрсдэлтэй. Хятадын талтай транзит тээврийн асуудлаа манай улс шийдээгүй байгаа. 2014 онд БНХАУ-ын дарга Си Жинпин Монгол Улсад айлчлах үеэр хоёр улсын транзит тээврийн тунхаглалыг үзэглэсэн. Гэхдээ гэрээ болгох ажил орхигдсон. Одоогийн гэрээ хэлэлцээрээр Хятадын нутгаар транзит тээвэр хийх боломжгүй. Төмөр замын тээвэр логистик, борлуулалтын чиглэлээр хамтарсан компаниуд Хятадад байдаг. Жишээ нь манай компанийн 51 хувийн эзэмшилтэй борлуулалтын компани үйл ажиллагаа явуулж байна. Тээвэр логистикийг Хятад талдаа шийдвэрлэхээр байгуулсан. Монголын хөрөнгө оруулалттай, Хятадад бүртгэлтэй компани юм.
Коксжих нүүрсний үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн энэ үед “Энержи Ресурс” компани бүтээгдэхүүнээ гуравдагч зах зээлд нийлүүлэх талаар эргэн харж байна уу?
Манай компани 2012 онд нүүрсээ Тайвань Энэтхэг, Япон руу гаргаж үзсэн. Гол асуудал дэд бүтэц, тээврийн өртөг. Манай улсын дэд бүтцийн төслүүд урагшилж байгаа ч бүрэн шийдэгдээгүй байна. 1-2 жилийн дараа дэд бүтцийн нөхцөл бүрдсэн хойно тээврийн бодит өртөг, тухайн үеийн зах зээлийн чиг хандлагаас хамаарах болов уу.
Үнэ болон эрэлтийн өсөлтөөр дэлхийн нүүрсний компаниуд асар их ашиг оллоо. Монголын компаниуд бага ч гэлээ ашиг хийх боломж гарав уу?
Дэд бүтэц, боомтын нөхцөлөөс хамаараад ямар ч боломж гараагүй.
Монголын нүүрсний гол өрсөлдөгч болох Оросын нийлүүлэлт Хятад руу улам нэмэгдлээ?
Сүүлийн хэдэн жилийн статистик үзүүлэлтийг харахад Оросын нүүрсний экспорт огцом өссөн. 20-30 сая тонн нүүрсний экспорт хийдэг байсан бол 150 саяд хүрсэн, цаашдаа 200 саяын зорилттой байна. Геополитикийн өнөөгийн байдалд Орос нь Европын хоригтой нүүрсний худалдаагаа Азийн зах зээл рүү шилжүүлэхийг эрмэлзэнэ. Оросын нүүрсийг Япон, Өмнөд Солонгос импортлохгүй байх магадлалтай. Тэгэхээр онилох том зах зээл нь Энэтхэг, мэдээж Хятад болно.
Хятадын эдийн засгийн өсөлт тун тааруу үзүүлэлттэй байна. Тус улсын үл хөдлөх хөрөнгийн салбарын хямралыг дагаад гангийн үйлдвэрлэл буурах төлөвтэй. Энэ нь манай улсын коксжих нүүрсний экспортод нөлөөлөх эрсдэл байна уу?
Эрсдэл үргэлж бий. Хятадын зах зээлийн нэг онцлог бол төрийн оролцоо өндөр. Эдийн засгаа дотооддоо дэмжээд явах бяр суусан улс. Одоо ч эдийн засгаа тогтворжуулахын тулд төрөөс бодлого хэрэгжүүлнэ гэсэн хүлээлт бий. Энэ талаар дэлхийн уул уурхайн томоохон компаниуд ч тайлан, мэдээлэлдээ дурдаж байна. Том зургаар харвал Хятадын гангийн гол хэрэглэгч нь төмөр зам, гүүр гэх мэт дэд бүтэц, барилгын салбар, мөн машин техник болон тоног төхөөрөмж, эд ангийн үйлдвэрлэл юм. Оны эхний хагаст Хятадын барилгын салбарын гангийн хэрэглээ багассан ч тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл өссөн. Хятадын Засгийн газар бодлогоор эдийн засгаа “чөлөөт уналтад” оруулахгүй. Энэ талаасаа харьцангуй эрсдэл бага гэж харж байна.
“Энержи Ресурс” компанид үйлдвэрлэлээ бусад ашигт малтмалаар төрөлжүүлэх хэтийн зорилт бий юу?
Уул уурхайн компанийн хувьд нэг төрлийн бүтээгдэхүүнээс хамааралтай байх эрсдэлтэй нь 2015 оны түүхий эдийн зах зээлийн уналтаас харагдлаа. Хувийн хэвшлийн компанийн хувьд салбартаа үйл ажиллагаагаа тэлэхийг хүсдэг. Монгол Улсын экспортыг нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, алт, газрын тос зэрэг бүтээгдэхүүн тэргүүлж байна. Газрын тосны салбарт манай компани туршлагагүй. Төмрийн хүдэр гэхээр мөн л гангийн үйлдвэрлэлээс хамааралтай тул нүүрснээс ялгаагүй. Гангийн салбар хямрахад дагаад нүүрс, төмрийн хүдрийн үнэ буурдаг. Алтны тухайд манай улсад шороон ордын нөөц дуусаж байна. Сүүлийн үед илүү техник технологи шаардсан гүний уурхай, үндсэн ордуудын томоохон төслүүд яригдаж байна. Ийм төрлийн төслүүдэд бодит хувь нэмэр оруулах, алтны нөөцийг нэмэгдүүлэх боломжтой гэж бид үздэг. Манай толгой компани Mongolian Mining Corporation бөгөөд охин компани “Энержи Ресурс” нүүрсээр дагнаад, алт болон зэсийн чиглэлээр өөр компани байж ч болох. Гэхдээ энэ тухай бодох цаг зав цар тахалтай сүүлийн жилүүдэд хомс байлаа.
Ямартай ч цаашдаа алт, зэсийн салбарт хөрөнгө оруулах чиглэлд судлах шаардлага манай компанид бий.
Одоогоор тодорхой шийдэлд хүрсэн зүйл байхгүй. Энэ чиглэл рүү явах нь зөв гэсэн зарчмын шийдвэр бол гарсан.
Хариуцлагатай уул уурхайн үйл ажиллагааг Та хэрхэн тодорхойлох вэ?
“Энержи Ресурс” компанийн үйл ажиллагаагаа эхэлснээс хойш баримталж ирсэн зарчим бол аливаа төслийг зөвхөн компани биш орон нутаг, төр засаг, олон нийт гээд бүхий л оролцогч талуудад ашиг тустай байх талаас нь харж хэрэгжүүлдэг. Ажлын байр, ханган нийлүүлэлт, татвар хураамж гэх мэтээр төслийн үр өгөөжийг илүү олон хүнд хүртээхийг зорьдог. Үйлдвэрлэл эрхлээд бараа бүтээгдэхүүнээ манай компанид нийлүүлэх иргэд, аж ахуйн нэгжийг дэмжих, дотоодын компаниудыг чадавхжуулах, чанартай ажлын байр олноор бий болгох, олон хүнийг цалинтай орлоготой болгоход анхаардаг. Мэдээж хэрэг байгаль орчинд хор хөнөөлгүй үйл ажиллагаа явуулах нь чухал. Ер нь байгаль орчинд нөлөөлөхгүй үйл ажиллагаа гэж байдаггүй. Манай орны уламжлалт мал аж ахуй гэхэд л байгаль орчинд хамгийн ихээр сөрөг нөлөө үзүүлдэг. Гагцхүү нөлөөллийг хэрхэн бууруулж, саармагжуулах тал дээр төвлөрч ажиллах нь чухал. “Энержи Ресурс” компани анхнаасаа ингэж ажиллаж ирсэн. Энгийнээр тайлбарлавал, хариуцлагатай уул уурхай гэдэг нь “хоноцын сэтгэлээр хандахгүй байх”. Монгол Улсын хөгжил, эдийн засагт түлхэц өгөхүйц том, шинэ төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд компаниуд нэр хүндтэй байх ёстой. Сайн түүхийг бүтээхийн тулд зөв төлөвлөлттэй ажиллах ёстой. Энэ талаас нь хариуцлагатай уул уурхайг хардаг. Уул уурхай гэлтгүй ер нь ямар ч бизнес эргэх холбоотой хариуцлага дээр тогтдог. Гэнэт гарч ирээд “хандив” өргөх байдлаар хэлбэр төдий биш бодитой ажил хийх, үр дүнтэй байх нь чухал юм.
Дэлхий дахинаа уул уурхайн компаниудын ихээр анхаарах болсон ESG-ийн чиглэлээр “Энержи Ресурс” ямар ажил хийж байна вэ?
ESG стандартыг одоо л Монголд хүчтэй ярьж байгаа болохоос биш 3-4 жилийн өмнөөс “Энержи Ресурс” компани үйл ажиллагаандаа тусгаад, хэрэгжүүлээд явж байна. Бид өөрсдийн сайн дураар ESG стандартын дагуу тайлагнадаг Монголд бараг анхны компани байх. Сүүлийн хэдэн жил олон улсын мэргэжлийн байгууллагуудаар ESG үнэлгээ хийлгэж байна.
Таны хувьд МУУҮА-ийн Зөвлөлийн даргаар сонгогдоод удаагүй байна. Юунд чиглэж ажиллах вэ?
Засаглал талаасаа Удирдах зөвлөлийг ажиллах боломжоор хангах, үйл ажиллагааг илүү цэгцтэй болгох, хурлыг ажил хэрэгч байлгах нь миний үүрэг гэж харж байна. Гол зорилго бол Монголын уул уурхайн салбарт ажилладаг шинэ үеийн залуусыг урагш гарч ирж манлайлан, өсөж дэвжээсэй гэж хүсэж байна. МУУҮА-ийн шинэ Гүйцэтгэх захирлаар залуу хүн томилогдлоо. Удирдах зөвлөлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог залуус олон. Тэд Монголын уул уурхайн салбарын шинэ үеийг төлөөлж, гарч ирэх цаг болсон. Тиймээс бүхий л талаар тултал дэмжинэ. Аль ч салбар залгамж халаатай. Цагийн юм цагтаа байх ёстой. Залуучууд зарим зүйлийг биднээс илүү харж, зоригтой хийнэ. Бидний үеийнхний туршлага, залуучуудын дэлхий ертөнцийг харах өөр өнцөг болон ур чадвар хослох учиртай. Монголын уул уурхайн салбар шинэ шатанд гарах цаг болсон.
Монголын эрдэс баялгийн салбарын хөгжлийг тушсан асуудал цөөнгүй. Тэдгээрээс хамгийн хэцүү бэрхийг онцлооч?
2010 оны хийрхэл.
Улс төрчид, олон нийт, манай салбарынхан, хэвлэл мэдээллийнхэн ялгаагүй нийтээрээ Монгол Улс зэс, нүүрс, ашигт малтмалаа гаргахгүй бол дэлхий сүйрэх юм шиг, ертөнцийн төв болсон мэт өөрсдийгөө хуурсан хийрхэл дунд яваад байна.
Тиймээс яг бодит тоо хэмжээг судалгаатай гаргаж танилцуулахаар МУУҮА-аас бэлтгэж байна. Нуулгүй хэлэхэд, дэлхий дахинд эргэлдэж буй уул уурхайн бизнес дунд Монголын оролцоо “асар өчүүхэн”. Өнөөдөр Монгол Улс зэсийн олборлолтын хэмжээгээр дэлхийд эхний 15-д ч багтдаггүй. Манай нүүрсний гол зах зээл Хятад өөрөө дотооддоо 4 тэрбум тонныг олборлодог, арвин нөөцтэй улс. Төмрийн хүдрийн үйлдвэрлэлээр Австрали тэргүүлж байна. Гэх мэт улс орнуудтай харьцуулж Монголын эдийн засгийн чадамж, нөөц болоод үйлдвэрлэлийн боломжийг бодитой харах хэрэгтэй байна. Ингэж нийтээр бодит байдлаа ойлгож байж уул уурхайгаа цаашид хэрхэн хөгжүүлэх, яаж дэмжих зэрэг асуудлаа тодорхойлж чадна. Монголчууд бид тийм ч өргөн сонголтгүй. Гадаадын хөрөнгө оруулалт татах, валют оруулах ганц салбар одоогоор уул уурхай л байна. Уул уурхайн салбарын өрсөлдөх чадварыг сайжруулахын тулд олон нийтээс эхлээд бүх талаас маш олон дэмжлэг хэрэгтэй. Төр засаг, олон нийт, салбарынхан, компаниуд хамтарч ажиллаж байж улсаараа хөгжинө, урагшилна гэдгийг оролцогч бүх л талуудад ойлгуулахын төлөө МУУҮА явна, гол зорилго ч байх болно. Өнөөдөр манай улсад орж ирж буй гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 гаруй хувийг уул уурхайн салбар бүрдүүлдэг гэдэг. Ирэх жил Оюутолгойн далд уурхайн ашиглалт эхлэхэд төслийн хөрөнгө оруулалтын үе шат дуусна. Тэр үед Монгол дахь гадаадын хөрөнгө оруулалтын “70 гаруй хувийг уул уурхай бүрдүүлдэг“ өндөр үзүүлэлт үгүй болно. Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулна гэж өнөөдөр тунхагласнаар маргааш нь “чихэлдээд” ороод ирэхгүй. Монгол Улс 1996 онд анх Ашигт малтмалын тухай хуулийг баталснаар олгосон тусгай зөвшөөрлийн үр дүн бол өнөөгийн Оюутолгой төсөл юм. Үнэндээ энэ төсөл 2000 оны эхээс Монголын эдийн засгийг чирч явна. Тэр дунд Тавантолгой, Ухаахудаг, төмөр замын төслүүд эхэлснээр тодорхой хувь нэмэр оруулж байна.
Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт хосолж эдийн засгийг бүрдүүлдэг. Ирэх жилүүдэд манай улсад валют оруулах, хөрөнгө татах дараагийн төсөл юу вэ? Оюутолгойн бүтээн байгуулалтын дараа үүнд ажилласан залуучууд юу хийх вэ? Төмөр замууд ашиглалтад орсноор угсралт, гүйцэтгэлийн компаниуд болон олон мянган ажилтан нь хаачих вэ гэсэн асуултуудад одооноо хариулт хайхгүй бол хожимдож байна. Бүтээн байгуулалтын энэ төслүүдийг хэрэгжүүлж байгаа үндэсний олон компаниуд бүгдээрээ ажил олгогчид, улсдаа татвар төлөгчид. Мэргэшсэн, туршлагатай боловсон хүчин гэдэг нь эдийн засаг талаасаа том давуу тал юм. Дараагийн төслүүдийг бэлтгэхийн тулд хайгуулын ажил явуулах хэрэгтэй.
Хайгуул хийхгүйгээр шинэ төслүүд гарч ирэхгүй. Шинэ төслүүд гарч ирэхгүй бол эдийн засгийн өсөлт байхгүй гэсэн үг. Монгол Улсын эдийн засаг 10 тэрбум ам.доллар дээр “гацаад” арваад жил болж байна.
Хайгуулаар нээгдэх том төслүүд ирэх 20-30 жилд бүтээн байгуулалт, уурхай, үйлдвэрлэл явуулна. Ингэж байж л компаниуд байнгын ажилтай, иргэд тогтмол орлоготой байна. Улмаар улсын эдийн засгийг ч олон нийтийн эрх ашигт нийцүүлэн төлөвлөж, нэгтгэн харах нь зүйтэй болов уу.
Майнинг Инсайт Сэтгүүл 7-8 дугаар сар, 2022 №07,08 (008,009) нийтлэгдэв