Хөгжлийн банк зээлийн эргэн төлөлтийн явцын мэдээллийг өнөөдөр танилцууллаа. Энэ оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 803.7 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгджээ. Үүний 714 тэрбум төгрөг нь бэлэн мөнгөөр бол үлдсэн 89.7 тэрбум нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр эргэн төлөгдсөн байна.
Нийт 14 зээлдэгчийн зээл хаагдсанаас 12 зээл нь бэлнээр буюу 278.3 тэрбум төгрөгөөр, хоёр зээл нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр хаагджээ. Хөгжлийн банк 53 зээлдэгчийн 2.9 их наяд төгрөгийн багцын үлдэгдэлтэй байна. Үүний 30.9 хувь нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчдэд хамаарч буй. Нийт мөнгөн дүн нь 911 тэрбум төгрөг бол багцын үлдэгдлийн 69.1 хувь нь хувийн хэвшлийн 45 зээлдэгчийн 2 их наяд төгрөгийн зээл, хүүгийн үлдэгдэл тус тус байна.