Нүүрс баяжуулах үйлдвэр, Цахилгаан станцын төслийг хангах Ажлын хэсэг байгуулна

Б.БАЯР

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат тэргүүтэй албаны хүмүүс энэ сарын 4, 5-ны өдөр Өмнөговь аймагт ажиллажээ. Энэ үеэр "Эрдэнэс Тавантолгой" нүүрсний уурхайг түшиглэн барих Нүүрс баяжуулах үйлдвэрт шаардлагатай усны хэрэгцээг хангах “Загийн усны хоолой”-н төслийн бүтээн байгуулалтын явц, Тавантолгой дулааны станцын төслийн талаарх мэдээлэлтэй танилцсан байна.

Нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор Тавантолгойн нүүрсний ордоос шууд олборлон борлуулах боломжгүй давхаргуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, ордын нөөцийг хаягдал багатай бүрэн ашиглах, экспортын орлогыг нэмэгдүүлж, худалдан авагчийн шаардлагад нийцүүлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экологийн сөрөг нөлөөллийг бууруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ, үр ашгийг нэмэх зэрэг давуу тал үүсэх юм.

Нүүрс баяжуулах үйлдвэрийн ойролцоо Тавантолгой цахилгаан станц барихаар төлөвлөж буй. Тиймээс “Загийн усны хоолой”-н хүчин чадлыг тооцоолж нүүрс баяжуулах үйлдвэрт ашиглахаас гадна үлдэгдэл нөөц усыг цахилгаан станцад ашиглах боломж бололцоотой эсэх, эдгээр төслийн уялдаа холбоог хангах хамтарсан Ажлын хэсэг байгуулахаар талууд тохиролцжээ.