АТГ-ын дэд дарга Г.Азжаргал мэдээлснээр, “Эрдэнэс Тавантолгой” болон “Тавантолгой төмөр зам” компанийн эрх бүхий албан тушаалтнууд тендерийн сонгон шалгаруулалт, нүүрс худалдах болон худалдан авах гэрээ байгуулах, тээвэрлэх, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх, олон улсын ачаа тээврийн С зөвшөөрөл олгох, төмөр замын барилгын ажил гүйцэтгэхдээ бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй хэрэг бүртгэлийн 11, мөрдөн байцаалтын 7 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Мөрдөн байцаалтын 7 хэрэгт 47 объектод нэгжлэг хийсэн, 15 хүнийг хойшлуулахгүйгээр баривчилж, 10 хүнд цагдан хорих арга хэмжээ авснаас өнөөгийн байдлаар 6 хүнийг үргэлжлүүлэн хорьжээ. Нийт 30 хүнийг ялагдагчаар татсанаас 7 нь хахууль авсан, 16 нь хахууль өгсөн, 5 хүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгон их хэмжээний хохирол учруулсан, 2 хүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
Албан тушаалтнууд нийт 5.4 тэрбум төгрөгийн хахууль авсан болохыг тогтоожээ.
2018-2022 оны арванхоёрдугаар сарын 1-ны хооронд “Эрдэнэс Тавантолгой” компани давхардсан тоогоор нүүрс борлуулалтын 633 гэрээ, мөн 20 сая төгрөг ба дээш үнийн дүн бүхий ажил үйлчилгээ, худалдан авах 576 гэрээ байгуулсан байна.
Өнөөгийн байдлаар Тавантолгойн уурхай болон Цагаанхад суурьшлын бүсээс Хятадын Ганцмод боомт хүртэл олон улсын ачаа тээвэрлэх тусгай зөвшөөрөлтэй 398 хуулийн этгээдийн мэдээллийг АТГ-аас олон нийтэд мэдээлнэ.