Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаанд 6 сарын хугацаатай онцгой дэглэм тогтоохоор шийдвэрлэснийг ЗТХ-ийн сайд С.Бямбацогт мэдээллээ. Тус компанид ажиллах БЭТ-өөр Засгийн газрын ХЭГ-ын Хууль эрхзүйн газрын дарга Н.Мягмарыг томилжээ. Ажил хүлээлцэхээр “Тавантолгой төмөр зам” компани дээр ажиллаж байна.
Тогтоолыг 2022 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдрөөс мөрдөнө.
ЗТХ-ийн сайд С.Бямбацогт “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барьж байгуулах зорилтоор “Тавантолгой төмөр зам” компанийг үүсгэн байгуулсан. Бүтээн байгуулалт 2013 оноос эхэлсэн бөгөөд энэ намар ашиглалтад орсон төмөр зам. Сүүлд, Богдхан төмөр замын төслийг ”Тавантолгой төмөр зам” компани хэрэгжүүлж байгаа. “Эрдэнэс Тавантолгой” компанийн off-take гэрээг ил болгох ажилтай холбоотой ”Тавантолгой төмөр зам” компанийн үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж буй эсэх, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн төсөвт өртөг, хууль зөрчсөн худалдан авалт болон гэрээ хэлэлцээрүүд байгуулсан эсэх, нүүрсний үнэ ханш гэх мэт олон нийтийн эсэргүүцэж байгаа “нүүрсний хулгай”-н асуудлаар “Тавантолгой төмөр зам” яригдаж байна”
Засгийн газрын ХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн “Стратегийн ач холбогдол бүхий Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын тээврийн үйл ажиллагаа, галт тэрэгний хөдөлгөөн зохион байгуулалт, хөдөлгөөний аюулгүй байдлыг мэргэжлийн удирдлагаар хангах “Тавантолгой төмөр зам” компанийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх зайлшгүй шаардлагыг харгалзан “Тавантолгой төмөр зам” компанийн үйл ажиллагааг Засгийн газрын шууд хяналтад авч 6 сарын хугацаатай онцгой дэглэм тогтоолоо. Энэ хугацаанд компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож шинэчлэх. Шаардлагатай бол бүтцийн нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилох, чөлөөлөх. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төсөлд зарцуулсан хөрөнгөд хөндлөнгийн аудит хийх, үнэлж дүгнэлт гаргах. Хууль зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй, компанийн эрх ашигт нийцээгүй гэрээ хэлцэл, үйл ажиллагааг хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулах. Богдхан төмөр замын төсөл болон “Тавантолгой төмөр зам” компанийн хөрөнгө оруулалт, бизнес төлөвлөгөөнд заасан арга хэмжээний хэрэгжилт, худалдан авах ажиллагаанд санхүүгийн иж бүрэн хамтарсан хяналт шалгалт хийж үнэлгээ дүгнэлтийг Засгийн газрын хуралдаанд танилцуулах. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын тээврийн үйл ажиллагаа, галт тэрэгний хөдөлгөөн зохион байгуулалт, хөдөлгөөний аюулгүй байдлын бүхий л үе шатанд хяналтыг сайжруулах зэрэг арга хэмжээ авна” гэжээ. Зах зээлийн үнээс хэт өндөр өртгөөр 269 км замыг барьсан, эсэхийг бүрэн эрхт төлөөлөгч шалгах юм. Тэрээр “Засгийн газрын тогтоолд дурдсан ажлыг юуны өмнө хийнэ. Мэргэжлийн, хөндлөнгийн байгууллагатай хамтран ажиллана. Эдийн засгийн амаргүй энэ үед тээвэр манай улсад чухал үүрэг гүйцэтгэдэг тул төмөр зам ашиглалтыг сайжруулахад анхаарч, Засгийн газартай зөвлөлдөн ажиллана”.
Засгийн газрын ХЭГ-ын Хууль эрхзүйн газрын дарга Н.Мягмар “Төмөр замын төслүүдэд зарцуулсан хөрөнгө хэр бодитой, компани буюу төрийн өмчит хохиролтой юу, ашиг сонирхлын зөрчилгүйгээр хэрэгжүүлсэн эсэх асуудлаар хөндлөнгийн мэргэжлийн байгууллагуудыг оролцуулж шалгахад нэн тэргүүнд төвлөрч ажиллана. Төмөр замын тээвэр логистикийг хүчин чадлыг бүрэн дүүрэн ашиглаж ажиллахад Тавантолгой төмөр зам” компанийг удирдан чиглүүлнэ”