Las Bambas: Уурхайн тээврийн замыг эсэргүүцэгчид хааснаас үйлдвэрлэлийг зогсоож болзошгүй

Э.ОД

Дэлхийн хамгийн том зэсийн үйлдвэрлэлийн нэг Las Bambas уурхайд бүтээгдэхүүнээ агуулах зай талбайгүй болж байна. Энэ нь металлын нийлүүлэлт, мөн тус үйлдвэрлэлийг удаашруулах эрсдэлийг бий болгожээ. Орон нутгийн иргэдийн эсэргүүцлийн жагсаалын улмаас Las Bambas уурхайн тээвэрлэлт бүрэн зогсож, үйлдвэрлэлийн талбайд бүтээгдэхүүний хуримтлал үүссэн талаар MMG компани мэдээлсэн байна.

Өнөөгийн байдлаар уурхайн талбайд зэсийн баяжмалын овоолго 500 гаруй мянган тоннд хүрсэн ба энэ нь 1 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн аж.
Уурхайн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа учир талбай дахь баяжмалын овоолго нэмэгдсээр байна. Тиймээс экспортын тээврийн замыг нээхгүй бол үйлдвэрлэлийг зогсооход хүрч болзошгүй гэжээ. 2021 онд Las Bambas 290 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэсэн байна. Нийгмийн зөрчлөөс үүдэн олборлолт нь буурсан тус уурхай энэ онд 240 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэх төлөвтэй.

Дэлхийн зэсийн хоёр дахь том үйлдвэрлэгч Перу улсын Las Bambas үйлдвэрлэл нь амьдрах нөхцөлийг сайжруулахад нөлөөлөөгүй гэж уугуул иргэд уурхайн үйл ажиллагааг эсэргүүцдэг. Ингэхдээ уурхайгаас далайн боомт руу тээвэрлэдэг гол авто замыг хааж жагссаар байгаа юм. Үүнтэй холбоотой энэ сарын эхээр Las Bambas-ийн үйлдвэрийн хүчин чадлын 30 хувийг ашиглахад хүрчээ.
Хятадын төрийн MMG компани 2016 онд Las Bambas-ийн үйл ажиллагааг явуулж эхэлснээс хойш нийтдээ 540 гаруй хоног уурхайн экспортын тээврийн зам эсэргүүцэгчдийн жагсаалаас шалтгаалж хаагдсан байна. 

Las Bambas уурхайн шууд нөлөөллийн бүсэд хамаардаг Апуримак болон Грау мужууд ойролцоогоор хагас сая хүн амын арав тутмын дөрөв нь ядуу амьдардаг гэсэн судалгаа бий. Харин Перу улсын Уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн тооцоолсноор Las Bambas нь эсэргүүцэлтэй тулгарсан өдөр бүр 9.5 сая ам.долларын алдагдал хүлээдэг байна.