Узбекистан анх удаа Оросыг тойрсон маршрутаар Европт зэс нийлүүлж эхэлжээ

Э.ОД

Узбекистан улс анх удаа Оросыг тойрсон шинэ маршрутаар зэс тээвэрлэсэн галт тэргээ Европ руу илгээсэн талаар "Узбекстаны төмөр зам" төрийн компани мэдээлжээ. Алмалык уул уурхай, металлургийн үйлдвэрээс зэсийн баяжмалыг 4000 км тээвэрлэн Болгар улсад хүрэх аж.

Дунд коридор гэгддэг тус зам Туркменистан, Азербайжан, Гүрж улсын нутгаар дамжин Каспийн болон Хар тэнгисийг галт тэрэгний гатлага онгоцны тусламжтайгаар дайран өнгөрдөг байна.

Оросын нутгаар дамжихгүйгээр Ази-Европын ачаа тээврийн гол зам Дунд коридор байх боломжтой гэж Европ үздэг, бас дэмждэг.

Тиймээс ачаа тээврийн энэ чиглэлийг хөгжүүлэхэд ихээхэн хөрөнгө оруулахад бэлэн байгаагаа ЕСБХБ өнгөрсөн сард мэдэгджээ.