ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулснаар “Эрдэнэс Монгол” компани 89 орон тоотой, 7 газар,7 хэлтэстэй үйл ажиллагаа явуулахаар бүтцийг шинэчлэн зохион байгуулж байна. Тус компанийн Гүйцэтгэх захирлаас гадна 88 орон тоонд сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлахаар Засгийн газраас шийдвэрлэжээ.
Шинэчилсэн бүтцээр 7 газрыг 7 ахлах менежер удирдана. Нээлттэй сонгон шалгаруулалтын бүртгэл 2023 оны нэгдүгээр сарын 2-16-нд явагдана. Их, дээд сургууль, төрийн алба, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцсон 9 хүнтэй комисс сонгон шалгаруулалтыг явуулж, олон улсын жишигт нийцсэн тест, ярилцлагын шалгалтууд авах аж. Эрдэнэс Монгол" компанид хийж буй энэ өөрчлөлтөөр төрийн өмчит компаниудын бүтцийг оновчтой, орон тоог цомхон, чадварлаг байлгах тогтолцоо руу шилжих. Түүнчлэн компанийн удирдлагын албан тушаалд “дарга” гэдэг нэршлийг хэрэглэх, давуу эрх эдэлдэг, тусгай хангамж шаарддаг байдлаас татгалзахыг зорьжээ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “”Эрдэнэс Монгол” байгуулагдаад 15 орчим жил болсон. Цэвэр менежментийн компани болж зохион байгуулах, дотоод гадаадын зах зээлээс хөрөнгө босгох, төр-хувийн хэвшлийн түншлэлийг хангах, төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх чиглэлээр анхаарал хандуулж ажиллах ёстой. Харамсалтай нь үндсэн энэ үүргээ бүрэн дүүрэн биелүүлэх нөхцөл боломжоо бүрдүүлж чадаагүй гэж Засгийн газрын хуралдаанаар дүгнэсэн.
Цаашдаа Эрдэнэт, “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэс Оюутолгой” зэрэг компаниудын удирдлага, менежментийг оновчтой болгох, дотоод гадаадын хөрөнгө оруулагчдыг татан төвлөрүүлэх, ард иргэдэд хөгжих боломжийг бүрдүүлэх, Монгол Улсын Баялгийн сан болон Хөгжлийн санг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулах томоохон групп бол “Эрдэнэс Монгол” юм. Манай улсад үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит компаниуд дотроо “Эрдэнэс Монгол” нь ур чадвартай, өндөр мэргэжилтэнтэй, цалин хангамжаар улсдаа шилдэг аж ахуйн нэгж байх учиртай. Өнөөг хүртэл хийж чадаагүй энэ алдаа дутагдлыг харгалзан “Эрдэнэс Монгол” группын бүтэц зохин байгуулалтыг шинээр зохион байгуулж байна. Төрийн өмчийн компаниудад улс төрийн намын болон танил талын хүнээ ажилд оруулах буюу "шахааг" зогсоох ажлыг хийнэ" хэмээн онцоллоо.