2022 онд Хятад нийт 293 сая тонн нүүрс импортолсон нь өмнөх оныхоос 9.2 хувиар буурсан байна. Энэ нь сүүлийн 4 жилийн хамгийн доод үзүүлэлтэд тооцогдож байгааг Хятадын Гаалийн ерөнхий газраас мэдээлжээ.
2023 он бол Хятадын нүүрсний импортын сүүлийн эерэг жил байж магадгүй гэж зарим шинжээчид үзэж буй. Учир нь тус улс 2026 онд нүүрсний хэрэглээгээ дээд хэмжээнд хүргэж, 2025 он гэхэд дотоодын эрчим хүчний гуравны нэгийг сэргээгдэх эрчим хүчээр хангах зорилттой. Хятадын нүүрсний тээвэрлэлт, түгээлтийн ассоциацийн мэдээллээр 2023 онд нүүрсний импортын хэмжээг 300 сая тоннд хадгалах төлөвтэй. Мөн тус улс Австралийн нүүрсний эсрэг импортын албан бус хоригоо сулруулах алхмууд хийж байна.
Хэрэв Австралийн коксжих нүүрсний Хятадын импорт нэмэгдвэл Оросын нийлүүлэлт буурч болзошгүй талаар шинжээчид онцолж байна. Хятадын 2022 оны тавдугаар сарын 1-нээс 2023 оны гуравдугаар сарын 31 хүртэл бүх төрлийн нүүрсний импортын татварыг 0 болгосон. Энэ хугацаанд Оросын нүүрсний нийлүүлэлт Хятад руу мэдэгдэхүй өссөн байдаг. Тэгвэл Хятад одоо импортын татварын бодлогоо эргэн харах талаар мэдээллүүд цацагдаж байгаа юм. Шийдвэрт хүрэх юм бол ирэх дөрөвдүгээр сараас Хятадын коксжих нүүрсний импортын татвар 3 хувь, эрчим хүчний нүүрсний импортын татвараа 6 хувь болгож сэргээнэ гэсэн үг.
Олон улсын эрчим хүчний агентлагийн (IEA) таамаглалаар, 2025 он гэхэд дэлхийн эрчим хүчний нүүрсний худалдаа 10 хувиар буурах, харин 2025 он хүртэл коксжих нүүрсний худалдаа 6 хувиар өсөх хандлагатай.