Монгол, БНСУ хамтран “Газрын ховор металлын судалгааны төв”-ийг байгуулах хэлэлцээ үргэлжилж байна

Б.БАЯРТОГТОХ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНСУ-д хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хоёр дахь өдөр зохион байгуулагдсан Монгол-Солонгосын бизнес форумд оролцож, үг хэлсэн БНСУ-ын Худалдаа, үйлдвэр эрчим хүчний яамны дэд сайд Жонг Дэ Жин Монголын газрын ховор элемент тэр дундаа зэс, жонш олборлох, боловсруулах чиглэлд хамтарч ажиллах саналтай байгаагаа илэрхийлсэн юм.
АМГТГ-ын дарга Л.Баярмандал “Дэлхийн хэмжээнд 130 гаруй сая тонны Газрын ховор элементийн нөөц тогтоосон байдаг. Үүний 45 сая тонн нь БНХАУ-д, бусад нь АНУ, Австрали, Бразил, Вьетнам, Орос зэрэг оронд байна. Манай Монгол орны хувьд гурван сая гаруй тонны газрын ховор элементийн батлагдсан нөөцтэй. Мушгиа худаг, Лугийн гол, Хотгор, Халзан бүргэдэй зэрэг газрын ховор элементийн томоохон орд газрууд тогтоогдсон" гэж Mining Insight сэтгүүлд ярилцлага өгөхдөө онцолж байсан юм.
Монгол, БНСУ хамтран “Газрын ховор металлын судалгааны төв”-ийг байгуулах, улмаар тус салбарт хамтын ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөж байна. Судалгааны төв байгуулах асуудлаар Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарган ажиллах тухай яриа хэлэлцээ өрнөж байна. Газрын ховор элемент тойрсон асуудлыг "Эрдэнэс Монгол" компанийн Зэс, металл групп хариуцаж байгаа. Тус группыг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий захирлаар ажиллаж байсан Х.Бадамсүрэн тэргүүлж буй.