Нүүрсний уурхайн осол Хятадын дотоодын нийлүүлэлтийг хязгаарлаж болзошгүй

Э.ОД

БНХАУ-ын Өвөрмонголын хойд хэсэг дэх нүүрсний уурхайн томоохон осол нь орон нутгийн төдийгүй тус улсын нүүрсний нийлүүлэлтийг хязгаарлаж болзошгүйг Хятадын хэвлэлүүд мэдээлж байна.

Хоёрдугаар сарын 23-ны өдөр 13:00 цаг орчимд ӨМӨЗО-ны Алшаа аймгийн Алшаа зүүн хошууны нутагт Шинжинийн нүүрсний уурхай нурсны улмаас уурхайчид, тээврийн том оврын машинууд булагджээ.

Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээр, уурхайн ослын газарт 470 гаруй хүн, 130 автомашин бүхий аврах 11 баг ажиллаж байна. Хоёрдугаар сарын 23-ны 00:30 цагийн байдлаар 51 уурхайчин сураггүй алга болж, хоёр хүн амиа алдсан бол зургаан хүнийг авраад буй аж. Энэ нь Хятадад сүүлийн жилүүдэд тохиолдсон хамгийн олон хүний амиа алдсан уурхайн осолд тооцогдох магадлалтай.
Уг осол нь Хятадын улс төрийн томоохон хурлын өмнө болсныг дэлхийн хэвлэлүүд онцолж байна. Тодруулбал, гуравдугаар сарын 5-нд Бээжин хотноо Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал эхэлнэ.

Хятад бол дэлхийн хамгийн том нүүрс үйлдвэрлэгч, мөн хэрэглэгч юм. Алшаа аймгийн хувьд жилд 2.6 сая тонн нүүрс олборлодог. Шинжинийн уурхай нь жилд 900 мянган тонн эрчим хүчний, коксжих нүүрс олборлох хүчин чадалтай баригдаж байгаа уурхай аж. Өвөрмонголын нутагт нүүрсний 344 уурхай үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийтдээ 995 сая тонн нүүрс жилд олборлодог. Мөн 156 сая тонн нүүрс олборлох хүчин чадал бүхий 47 уурхай шинээр баригдаж байна. Үүнээс 61.7 хувийг эзэлж буй ил уурхайнууд нийт 96.3 сая тонн хүчин чадалтай. 

Хятадын Өвөрмонголын бүс нутагт нүүрсний уурхайн нуралт үүссэн, аюулгүй байдлын шалгалтын улмаас нийлүүлэлтийн хомсдол үүсэх вий гэсэн болгоомжлолоор Даляны түүхий эдийн бирж дээр коксжих нүүрсний фьючерс ханш 8 сарын дээд цэгтээ хүрч өсөн байна. Пүрэв гаригт(2023.02.23) коксжих нүүрсний үнэ өдрийн арилжаагаар 2.6 хувиар нэмэгдэж 293.35 ам.доллар/тонн ханштай хаагджээ. Энэ өнгөрсөн оны зургадугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байна.