NMSA: Сүүлийн жил Хятадад нүүрсний уурхай ослын тоо хоёр дахин өссөн

Г.БААТАР

Хятадын уурхайн аюулгүй байдлын үндэсний газрын (NMSA) статистик мэдээллээр, тус улс дотоодын нүүрсний олборлолтоо нэмэгдүүлэх болсноор уурхайн ослын тоо 2021 онтой харьцуулахад 2022 онд бараг хоёр дахин нэмэгджээ.

Өнгөрсөн онд нүүрсний уурхайн ослоор 245 хүн амь үрэгдсэн нь сүүлийн 6 жилийн хамгийн өндөр тоо хэмжээнд тооцогдож байна. Хятадын хувьд хуучирсан үйлдвэрүүдийг хааж, аюулгүй байдлын шалгалтыг чангатгасан хэдий ч 2022 онд уурхайн 168 осол гарсан нь өмнөх жилийнхээс 91-ээр өсжээ.

Дэлхийн нүүрсний хамгийн том үйлдвэрлэгч болоод хэрэглэгч Хятад улс 2022 онд дотоодын нүүрсний олборлолтоо 9 хувиар нэмэгдүүлж 4.5 тэрбум тоннд хүрсэн юм.

2021 онд Хятад даяар эрчим хүчний хомсдол үүссэний улмаас нүүрсний үнэ 4 дахин нэмэгдсэний дараа дотоодын олборлолтоо нэмэгдүүлж буй. Орос, Украин хооронд дайн дэгдсэнээр дэлхийн зах зээлд нүүрсний үнэ огцом өсөж, эрчим хүчний хангамж тасалдсан нь Бээжинг эрчим хүчний аюулгүй байдлаа сайжруулахад түлхэц болсныг шинжээчид тайлбарладаг. 
2022 онд Хятадын төр захиргаанаас нийт 260 сая тонн олборлолтын хүчин чадал бүхий шинэ төслүүдийг баталжээ. Зөвшөөрөгдсөн тухай шинэ уурхайнууд ашиглалтад орсноор тус улсын нүүрсний олборлолт нэмэгдэх төлөвтэй байна. Хятадын хоёр гол бүс нутаг болох Шанси олборлолтоо 5 хувиар, Өвөрмонгол 2 хувиар тус тус нэмэгдүүлэхээр төлөвлөсөн.

NMSA-ийн 2021 оны ослын тоймд тэмдэглэснээр, зарим уурхайнууд аюулгүй байдлаас илүү ашиг олоход илүү анхаарч байна. Энэ тухай "Аюулгүй байдлын шаардлагыг үл тоомсорлож, тэр байтугай төлөвлөсөн хүчин чадлаа хэтрүүлэн үйл ажиллагааны дүрэм журмыг зөрчсөн" хэмээн онцолжээ.
Өвөрмонголын нутагт хоёрдугаар сарын 23-нд нуралт үүсэж осол тохиолдсон уурхайн тухайд өмнө нь 3 жилийн хугацаатай 2021 оны дөрөвдүгээр сар хүртэл хаагдсан аж. Нүүрсний үнэ огцом өсөх үед тус уурхай дахин нээгдсэн байна.

NMSA-ийн мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, Хятадын нүүрсний нөөц шавхагдаж байгаатай холбоотой уурхайг илүү гүн олборлосноос аюул, эрсдэл үүсэж байна.

Тус улсын нүүрсний уурхайнууд жилд дунджаар 10-25 метр гүнзгийрч байгаа нь олборлолтын үйл ажиллагааг хүндрүүлж байгааг Анхой хотын Шинжлэх ухаан, технологийн хүрээлэнгийн профессор Юан Лян нүүрсний уурхайн судалгаандаа дурджээ. 

Хоёр жилийн өмнө Хятад улс нь эрүүгийн хуулиа шинэчлэхдээ хэт их үйлдвэрлэлийн улмаас осол гаргасан уурхайн удирдлагуудад хариуцлага тооцдог эрх зүйн зохицуулалттай болжээ.