Өнөөдөр: Оюутолгойн гүний уурхайн олборлолт эхэлж байна

Э.ОД

Зэс-алтны Оюутолгой нь Хюго Даммет, Өмнөд Оюу(Оюут), Херуга гэсэн ордуудаас бүрддэг. Бүлэг ордоор нь ашиглах хугацаа 94 жил гэсэн тооцоо бий.

Оюут ил уурхай болон “Хюго Дамметын хойд бүсийн давхарга 1” далд уурхай нь 2051 он хүртэл хэрэгжих өнөөгийн төсөл юм. 2003 оноос ил уурхайг олборлож буй.
Өмнийн говьд орших Оюутолгойн бүлэг ордын тандалт судалгаа тэртээ 1957 онд эхэлсэн гэж үзвэл 66 жилийн дараа буюу өнөөдөр гүний уурхайн олборлолт эхэлж байна. 2015 онд далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө батлагдсанаар бүтээн байгуулалт өрнөсөн. Оюутолгойн хамгийн өндөр агуулгатай, хамгийн их нөөцтэй хэсэг буюу нийт үнэ цэний 80 гаруй хувийг агуулсан Хюгогийн ордыг зөвхөн гүний уурхайн аргаар блокчлон олборлоно. Далд уурхайгаас 20 жилийн хугацаанд нийт 440 сая тонн хүдэр олборлож 2044 онд олборлолтын үйл ажиллагаа дуусна.
Эдүгээ Монгол Улсад орж ирж байгаа гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 гаруй хувь дан ганц Оюутолгой төсөлтэй холбоотой. Тэр дундаа улсад орж ирэх ам.долларын урсгалын 90 хувь нь гүний уурхайтай холбоотой санхүүжилт, хөрөнгө оруулалт гэхээр манай улсын эдийн засагт асар чухал төсөл болохыг илтгэнэ.
• “Оюутолгой” компани 2010-2022 онд төлсөн нийт татвар, хураамж, НӨАТ хэлбэрээр Монгол Улсын төсөвт 4 тэрбум ам.доллар буюу 8.8 их наяд төгрөг бүрдүүлжээ.

• 2022 онд 1 тонн хүдэр боловсруулахад 0.4 шоо метр ус ашигласан. Энэ нь ижил төстэй дэлхийн бусад уурхайтай харьцуулахад 3 дахин бага үзүүлэлтэд тооцогдож байна.

• 2010-2022 онд Оюутолгой уурхайд зарцуулсан 15 тэрбум ам.доллароос 11.2 тэрбумыг дотоодын аж ахуйн нэгжид зарцуулжээ.