MINE GER-ийн бар жилийн гол дүрүүд

Зураач М.Мартин

С.БОЛД-ЭРДЭНЭ
bolderdene@mininginsight.mn
 
Монгол түмэн “Сайжруулагч” хэмээх Бар жилээ үдэж, “Үзэсгэлэнт болгогч” хэмээх Туулай жилийг угтаж байна. Сар шинийн баяраараа ураг саднаараа цугларч, өнгөрч буй жилээ дүгнэн цэгнэж, ирж буй жилийн өнгөө шинжин хэлэлцдэг эртний уламжлалтай. Монголын уул уурхайн салбарыг нэгэн том гэр бүл гэж үзвэл энэ их гэрийн хойморт буюу MINE GER-т Бар жилд өрнөсөн үйл явдлын гол баатрууд тухалж, уул уурхайн салбарын ирэх өдрүүдийн өнгийг тодруулан байна. Тэдгээр онцлох үйл явдлуудыг гол дүрүүдийн хамт Mining Insight танилцуулж байна.

Г.ЁНДОН “ТУШААЛ ДЭВШИВ”
Өнгөрсөн наймдугаар сард Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орсноор “дан дээлтэй” Засгийн газрын найман гишүүнийг чөлөөлж, оронд нь УИХ-ын гишүүдийг томилсон. Чөлөөлөгдсөн найман сайдын гурав нь тушаал буурч, Дэд сайд болсон. Харин УУХҮ-ийн сайд Г.Ёндон эсрэгээрээ тушаал дэвшиж, “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирлаар томилогдов. Уул уурхайн сайдаар ажиллаж байхдаа хэтэрхий дуу цөөтэй, улс төрийн нөлөө багатай гэгдэж байсан нь түүнийг улстөрч биш мэргэжлийн инженер гэдгийг нотолсон хэрэг. Харин одоо улстөрчийн биш уулын инженерийн ажлаа хийх боломж түүнд гарлаа. УУХҮ-ийн сайдаар томилогдох үед мэргэжлийн сайдтай боллоо хэмээн салбарынхан таатайгаар хүлээн авч байв. Тэрээр салбарын хууль эрхзүйн орчинд томоохон өөрчлөлт хийхээр нэлээд ярьсан ч үр дүнд хүрэлгүй дараагийн сайддаа дамжуулж өгөөд байна. Г.Ёндон нь 1989 оноос хойш “Эрдэнэт үйлдвэр”- ийн Ерөнхий захирлаар томилогдож байгаа 7 дахь хүн юм. “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал бол яамны сайд бүү хэл Ерөнхий сайдын суудлаас ч илүү найдвартай, тогтвортой, бас нөлөөтэй байдаг онцлогтой албан тушаал. Нөгөө талаасаа энэ үйлдвэр нь Монголын уул уурхай, улс төр, эдийн засгийн хамгийн чухал объект юм. Хөрөнгө санхүү, үйл ажиллагааны асар өндөр хүчин чадалтай, татварын болон экспортын орлого бүрдүүлэгч хамгийн том аж ахуйн нэгж. Тийм ч учраас Монголын MINE GER-ийн хойморт зүй ёсоор залрах тус үйлдвэрийн Ерөнхий захирлаар хүссэн бүхэн томилогдоод байдаггүй. “Эрдэнэт үйлдвэр” бол Монголын уул уурхайн салбарын нүүр царай, хариуцлагатай, тогтвортой, хүртээмжтэй уул уурхайн жишиг болж, манлайлах учиртай компани тул Г.Ёндонд орчин цагийн уул уурхайн салбарын хөгжилд нөлөөлөхүйц үр дүнтэй, далайцтай ажлууд хийх боломж гарч ирж байна гэхэд болно.

Б.ГАНХУЯГ “УЛАМЖЛАЛЫГ” ДАВТАВ
Улирч буй Бар жилийн хамгийн дуулиан шуугиантай үйл явдал бол “Нүүрсний хулгай”-н хэрэг байв. Уг хэргийн гол буруутнаар төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг тодорч, эдүгээ шоронд хоригдож байна. ЭТТ-н өмнөх захирлууд бүгд хэрэгт холбогдож, зарим нь ял авч байсан тул Б.Ганхуяг захирал хоригдсон нь гайхаж шогшроод байх зүйл биш гэлтэй. Гагцхүү өмнөх захирлуудтайгаа харьцуулахад асар их мөнгөн дүнтэй хэрэгт буруутгагдсанаараа дуулианы эзэн болж байна. “Эрдэнэс Тавантолгой” компани сүүлийн гурван жилд хоёр их наяд орчим төгрөгийн татвар төлсөн, валютын орлого бүрдүүлэгч, Монголын уул уурхайн хамгийн том компанийн нэг. Зөвхөн хөрс хуулалт, нүүрс олборлолтод жилд 1.5 их наяд төгрөг зарцуулдаг, хоёр ч төмөр замын төслийг санхүүжүүлсэн гээд Монголын уул уурхайн салбарт олдог, бас үрдэг мөнгөнийхөө хэмжээгээр тэргүүлж байгаа компани. Харамсалтай нь төрийн өмчит тус компанийн Гүйцэтгэх захирлаар ажилласан бүх хүн авлигын хэрэгт холбогдож, шоронд ордог “уламжлал” үндсэндээ тогтоод байна. Энэхүү уламжлалыг сүүлийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нь давтан үргэлжлүүлж байна. Тус компанийн 12 жилийн түүхэнд 4 Гүйцэтгэх захирал, хоёр Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч ажиллаж байв. Анхны Гүйцэтгэх захирал Б.Энэбиш ямар ч хэрэгцээгүй дугуй авлаа гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэгт татагдаж, гадаадад гараад байгаа. Түүний дараа томилогдсон Я.Батсуурь шүүхээс ял сонссон. Гурав дахь Гүйцэтгэх захирал Б.Ариунболдыг мөн л АТГ-аас баривчилж, түр хугацаанд хориод сулласан удаатай. Тэгвэл Б.Ганхуяг нь хуулийнханд гавлуулж буй 4 дэх Гүйцэтгэх захирал болж байна.

ХУВЬ НИЙЛҮҮЛЭГЧДИЙН АСУУДЛЫГ ХОЁРХОН ЖИЛД ШИЙДЭВ
Оюутолгойн гүний уурхайн олборлолт ирэх гуравдугаар сард албан ёсоор эхэлнэ. Хувь нийлүүлэгч талуудын хооронд үүсээд байсан ээдрээт асуудлыг богино хугацаанд шийдсэнээр уг төсөл бүрэн утгаараа ажиллаж эхлэхэд бэлэн болоод байна. Мэдээж гүний уурхайг барьж байгуулах, ашиглалтад оруулах хүртэл хүнд хүчир даваа, хүндхэн асуудлуудтай амаргүй цаг хугацааг туулсан. Энэ цаг үед тэрхүү асуудлуудыг шийдэж яваа нэг чухал дүр бол Б.Болд. Зэсийн эрэлт, үнэ хамгийн таатай байгаа цаг үед Б.Болд Оюутолгойн асуудлуудыг шийдвэрлэхэд 6 тэрбум орчим ам.доллар зарцуулаад байна. Монгол Улсын Засгийн газрын өр 2.3 тэрбум ам.долларыг тэглэсний зэрэгцээ “Туркойз Хилл Ресурс”-ыг 3.4 тэрбум ам.доллароор худалдаж авав. “Рио Тинто”-гийн өмнөх удирдлагуудаас огт гарч байгаагүй зоримог шийдвэрүүдийг Б.Болд зоригтой гаргаж, хэрэгжүүлэв. Монголын улс төр, эдийн засгийн нөхцөл байдлыг сайтар мэддэг нь түүнд Засгийн газартай тохиролцох боломжийг олгосон биз. Нөгөө талд хөрөнгө оруулалтын банкираар олон жил ажилласан туршлага нь “Туркойз Хилл Ресурс”-ыг хямд үнээр худалдаж авахад нөлөөлсөн нь дамжиггүй. Үүний дүнд ирээдүйд Оюутолгойн өмнө тулгарах олон эрсдэл арилж байгаа нь ойлгомжтой. Юутай ч тэрбээр Зэсийн группыг толгойлсон хоёр жил хүрэхгүй хугацаанд Оюутолгойн асуудлыг шийдэж чадлаа. Одоо “Рио Тинто” нь Монгол Улсын хувьд гадаадын хөрөнгө оруулагч, Оюутолгойн 33 хувийг эзэмшигч төдий бус хамгийн том гүний уурхайг амжилттай бүтээн байгуулагч, Оюутолгойн 66 хувийг эзэмшигчийн дүрээр MINE GER-ийн хойморт тухалж байна. Ирээдүйд Б.Болдын өмнө төмрийн хүдрийн аварга төсөл Симандоу, литийн Ядар төслийг гацаанаас гаргах Оюутолгойгоос дутахгүй том асуудлууд хүлээж байгаа. Симандоу төслийн тухайд хэдэн сарын өмнө эхний алхмаа амжилттай хийж, хамтарсан компани байгуулаад байгаа билээ.

“ОЮУТОЛГОЙ”-Н ШИНЭ УДИРДАГЧ
Дэйрдрэ Лингенфэлдер бол Монголын хамгийн том төслийг удирдаж буй анхны эмэгтэй Гүйцэтгэх захирал. Монголын уул уурхайд “Монполимет”, МАК гэсэн үүсгэн байгуулагчдын өв залгамжлагчдыг эс тооцвол уул уурхайн томоохон төслийг удирдаж буй эмэгтэй удирдагч байхгүй. Тэр утгаар хатагтай Дэйрдрэ MINE GERийн хоймрыг эзлэх гурван компанийн нэгнийх нь удирдлагын хувьд Бар жилийн гол дүр, хүндтэй зочин болж байна. Сүүлийн 4 жилд 62 км туннель барьснаар Оюутолгойн гүний уурхайн олборлолт эхэлж байна. Нийт урт нь 100 гаруй км болсон дэлхийд цөөн аварга төсөл. Оюутолгой компанийн өмнөх захирлууд тодорхой үүрэг даалгавартай, түүнийгээ хэрэгжүүлэх хугацаатай томилогдож ирж байв. Ил уурхай, баяжуулах үйлдвэр, гүний уурхай гээд цогц төсөл ашиглалтад орж, бүтээн байгуулалтаас тогтвортой үйлдвэрлэлийн шатанд шилжиж байна. Тиймээс Оюутолгой төслийн толгойд инженер хүн биш тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, дараагийн шатанд удирдах мэргэжилтэн, тэр дундаа эмэгтэй хүнийг томилох шийдвэрийг “Рио Тинто” гаргасан нь энэ. Өмнөд Африкаас гаралтай, Африкийн улсууд болон Австралид ажиллаж байсан арвин туршлагатай хатагтай Дэйрдрэ Монголын уул уурхайд томоохон өөрчлөлтийн эхлэлийг тавьж магадгүй. Түүнийг томилогдсоноос хойш Оюутолгойн үндсэн ажилчдын 18 хувь нь эмэгтэйчүүд байсан бол 22 хувь болж, богино хугацаанд томоохон өсөлт үзүүлээд байна. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт багатай уул уурхайн салбарт Оюутолгойн энэ туршлага нь салбарын хэмжээнд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэртэйгээс гадна төслийг олон жил тогтвортой ажиллахад нөлөөлөх нь гарцаагүй.

“ЭНЕРЖИ РЕСУРС”-ЫН ӨӨРЧЛӨЛТ
Монголын нүүрсний салбарын хувийн хөрөнгө оруулалттай томоохон компанийн нэг “Энержи Ресурс” цаашид нүүрсний гэх тодотголоосоо салж байна. 2009 оноос хойш нүүрс олборлож, баяжуулж, экспортолж ирсэн бол бар жилээс алтны салбарт хөл тавилаа. “Эрдэнэ Монгол” компанид 40 сая долларын хөрөнгө оруулж, алтны гол төслийнх нь 50 хувийг эзэмших гэрээ байгуулав. Энэ бол Монголын үндэсний уул уурхайн компани өөрийн эзэмшлийн бус, бас өөр эрдсийн ирээдүйтэй төсөлд хөрөнгө оруулж байгаа анхны тохиолдол. Тус компанийг 15 жил удирдаж буй Г.Батцэнгэл захирал бусад эрдэс металлуудыг сонирхож хөрөнгө оруулах төлөвлөгөөтэй буйгаа мэдэгдэж байсан. “Энержи Ресурс”-ын хувьд Төмөр замын маргаанд орооцолдож, төрийн өмчит компанитай олон жил “хэрүүл хийж”, тэр хэрээр компанийнх нь үнэлгээ унаж байсан удаатай. Цаашид илүү эрэлттэй эрдсийг сонирхож, хүрэн нүүрснээс ногоон шилжилт хийж, ирээдүйтэй хөрөнгө оруулалт хийж эхэлж байгаа нь “Энержи Ресурс” компанийн хувьд том өөрчлөлт юм. Үүнээс гадна Г.Батцэнгэл Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн Удирдах зөвлөлийн даргаар сонгогдоод байна. Түүний олон жилийн туршлага нь Монголд хариуцлагатай, тогтвортой, хүртээмжтэй уул уурхайн хөгжлийн суурийг тавихад хувь нэмэр болох нь тодорхой бизээ.

ЦУЦАЛТГҮЙ ХАЙГУУЛЧИН
Харин “Энержи Ресурс” компанитай хамтран ажиллах болсон нь “Эрдэнэ Монгол”, түүний толгой компани “Эрдэнэ Ресурс Девелопмент”-д ихээхэн үр дүнтэй болж байна. Орон нутгийн иргэдийн эсэргүүцлийн улмаас төслийн бүтээн байгуулалтаа эхлүүлж чадахгүй явсан Питер Акерли Монголын томоохон компанитай түншилснээр төслийн ашиглалтад дэмжлэг болох нь ойлгомжтой юм. Баян Хөндий алтны орд нь 15 тонн орчим алтны нөөцтэй. Монголд 100 орчим сая доллар зарцуулж, 20 орчим жил хайгуул хийснийхээ үр шимийг хүртэх гэж буй цуцалтгүй хайгуулчин Питер Акерли бар жилийн MINE GERийн бас нэг дүр, онцгой зочин болж байна.

АССОЦИАЦИЙН АНХНЫ ЭМЭГТЭЙ ЗАХИРАЛ
Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн Гүйцэтгэх захирлаар Г.Эрдэнэтуяа томилогдсон нь тус байгууллагын түүхэн дэх 4 дэх захирал бөгөөд анхны эмэгтэй удирдагч болж байна. Уул уурхайн салбарыг зөвхөн эрчүүд төлөөлдөг цаг ард хоцорсны тод илрэл нь aссоциацийн Гүйцэтгэх захирал юм. Г.Эрдэнэтуяа нь “Бороо Гоулд”, “Оюутолгой”, “Хан Алтай Ресурс” компанид ажиллаж, уул уурхайн төслийг хайгуулын шатнаас бүтээн байгуулалт, олборлолтын шатанд шилжүүлэх адармаатай үе шат бүрт ажиллаж үзсэн туршлагатай мэргэжилтэн. Тэр хэрээр Монголд ашигт малтмалын төслийг хэрэгжүүлэхэд тулгардаг асуудал бүрийг сайтар судалсан нэгэн. Монголд хамгийн амжилттай хэрэгжиж буй төслүүдийн “бичиг цаасны” буюу зөвшөөрлийн шатны нүсэр ажлыг нугалж ирсэн түүний хувьд Монголын уул уурхайн компаниудыг хариуцлагатай болгох, үйл ажиллагааг нь тогтвортой, саад бэрхшээлгүй явуулахад туслах их үйлсэд хүчин зүтгэж байна. Г.Эрдэнэтуяа ирэх жилүүдэд уул уурхайн салбарт “Хариуцлагатай уул уурхайн кодекс”-ыг нэвтрүүлэхэд анхаарч ажиллахаа мэдэгдсэн. Ингэснээр орон нутаг, төр засаг, хөрөнгө оруулагч талуудын эрх ашгийг хангасан, тогтвортой уул уурхайн салбар бий болоход том алхам болно хэмээн онцолж байна.

УУХҮ-ИЙН САЙД Ж.ГАНБААТАР
Улсын Их Хуралд хоёронтоо сонгогдоод байгаа Ж.Ганбаатар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайдаар томилогдлоо. Шинэ сайдын салбарынхандаа хандсан анхны үг нь “Хариуцлагатай уул уурхайг дэмжинэ, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг тууштай хамгаална” гэсэн агуулгатай байв. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан, басхүү яггүй заргач нэгэн сайдаар томилогдоход уурхайчид хүлээлт өндөртэй угтан авч байна. Түүний өмнө Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулгыг бэлэн болгохоос эхлээд шийдвэрлэх олон асуудал хүлээж байна. Гэвч томилогдоод удаагүй байсан шинэ сайдыг уул уурхайн салбарын түүхэнд байгаагүй хамгийн том дуулиан угтсан нь сорилт байсан гэхэд болно. “Нүүрсний хулгай”-н хэрэг улс төр, нийгмийг бүхэлд нь бужигнуулж, жагсаал тэмцэлд хүргэсэн ч салбарын сайд харин тодорхой байр суурь илэрхийлсэнгүй, зайгаа барьж, нам жим өнгөрөөв. Асуудлыг шийдвэрлэх, нүүрсний худалдаа, тээвэр логистикийн асуудлуудыг шийдвэрлэх хэлэлцүүлгүүд өрнөж байхад түүний дуу хоолой төдий л сонстсонгүй. Анх удаа Засгийн газрын гишүүнээр ажиллаж байгаа ч УИХ-ын гишүүнээр хоёронтоо сонгогдсон болохоор туршлага заасан уу, эсвэл дутсан уу гэдгийг одоогоор хэлэхэд эрт юм.

ЯСНЫ УУРХАЙЧИН
Монголын төмрийн хүдрийн гол экспортлогчдын нэг “Болдтөмөр Ерөө гол”-ыг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Б.Дэлгэрсайхан улс төрд орж, УИХ-ын гишүүний албыг хашиж байгаа ч ясны уурхайчин гэдгээ Бар жилд дахин нотлов. Уул уурхайн салбарт, тэр дундаа нүүрс, төмрийн хүдэр зэрэг нурмаг ачаанд дэд бүтэц, төмөр зам хамгийн чухал гэдгийг мань хүн мэдэхийн сайнаар мэдэх нэгэн. Тиймдээ ч 10 гаруй жилийн өмнө Баянголын төмрийн хүдрийн ордыг ашиглаж эхлэхдээ өөрсдийн хөрөнгө оруулалтаар 130 орчим км төмөр зам барьсан нь өдгөө хүний, өөрийн олон уурхайд дэм болж байна. Тэгвэл Зүүнбаян-Ханги чиглэлийн 260 км төмөр замыг ганцхан жилийн дотор барьж ашиглалтад оруулсан нь түүний ажил бас гавьяа юм. Уг төмөр замаар хэдийнэ Тавантолгойн нүүрсний тээвэр явж, Ханги боомтоор экспортод гарч байна. Монголд анх удаа хувийн эзэмшлийн хоёр ч төмөр зам барьж чадсан уурхайчин бол Б.Дэлгэрсайхан. Түүний төмөр замууд нүүрс, төмрийн хүдрийн экспортод хамгийн том дэмжлэг үзүүлэх дэд бүтэц болоод байна. Төрийн олон жил ярьсан төмөр замыг тэр барьсан болохоор Бар жилийн онцлох дүр яахын аргагүй мөн. Төмөр замын дараа төмөрлөгийн цогцолбор үйлдвэр байгуулахаар ажиллаж байгаа. Ажлын явц, бүтээн байгуулалтаас харвал мөн л Монголд анхны төмөрлөгийн цогцолборыг ашиглалтад оруулах үйл явц ойрхон байна. Ингэснээр Б.Дэлгэрсайхан төмрийн хүдрийн ордыг эзэмшигчийн хувьд төмөр зам, төмөрлөгийн цогцолбор үйлдвэр гээд түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгох “Монгол мөрөөдөл”-ийг биелүүлэхэд тун ойртож ирээд байна.

Майнинг Инсайт Сэтгүүл, хоёрдугаар сар 2023