Zijin Mining: 2025 он гэхэд дэлхийн уул уурхайн тэргүүлэх компаниудын түвшинд хүрнэ

Э.ОД

Өнгөрсөн оны дүнгээр Хятадын Zijin Mining группын цэвэр ашиг 2.9 тэрбум ам.доллар хүрч 28 хувиар өссөн нь зэсийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлсэнтэй холбоотой талаар мэдээлжээ. Сүүлийн 3 жил дарааллан тус группын цэвэр ашиг өсөж байна.

2022 онд нийт 55.9 тонн алт (+17.67 хувь), 859 мянган тонн зэс (+47 хувь), 442 мянган тонн цайр (+1.84 хувь), 387 тонн мөнгө (+25.49 хувь) тус тус үйлдвэрлэж өмнөх жилийн үзүүлэлтээс бүгд ахижээ. Энэ жил 950 мянган тонн зэс, 72 тонн алт, 450 мянган тонн цайр, 390 тонн мөнгө, 3000 тонн литийн карбонат олборлохоор төлөвлөж байна.

Нэгдүгээр сарын 30-нд Zijin Mining хөгжлийн зорилтын шинэчилсэн төлөвлөгөөг танилцуулсан юм. Тус групп 2025 он гэхэд дэлхийн уул уурхайн тэргүүлэх компаниудтай эгнэх, 2030 он гэхэд олон улсад зэс, алтны үйлдвэрлэлээр эхний гуравт, литийн олборлолтоор тэргүүлэх аравт багтах зэрэг онцлох зорилтууд багтжээ.

Zijin Mining нь зэс, алт, цайр, литийн олборлолт явуулдаг бөгөөд дэлхийн 13 улсад уул уурхайн төсөл хэрэгжүүлж байна. Гол төслүүд нь Серби дэх зэс-алтны Cukaru Peki болон зэсийн Bor, Конго дахь зэсийн Kamoa Kakula, мөн Колумбын алтны Buriticá юм. Түүнчлэн, Монголд зэсийн Хармагтай төсөлд Xanadu Mines компанитай стратегийн түншлэл байгуулсан бөгөөд 35 сая ам.долларын хөрөнгө оруулна.