Дэлхийн нүүрсний хамгийн том үйлдвэрлэгч болоод хэрэглэгч Хятад, Энэтхэг улсын импорт гуравдугаар сард дээд хэмжээнд хүрэх төлөвтэй.
Энэ сард Хятадын эрчим хүчний нүүрсний импорт 26.82 сая тонн хүрнэ гэж Kpler-ийн шинжээчид таамаглажээ. Энэ нь 2017 оны нэгдүгээр сараас хойших хамгийн дээд үзүүлэлт болох аж.
Тус улс 2022 оны гуравдугаар сард 15.81 сая тонн эрчим хүчний нүүрс импортолсон бол энэ жилийн хоёрдугаар сард импортолсон эрчим хүчний нүүрсний хэмжээ 19.96 сая тонн байна. Тэгвэл Энэтхэгийн эрчим хүчний нүүрсний импорт энэ сард 12.52 сая тоннд хүрэх магадлалтай байгаа нь өнгөрсөн оны наймдугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдоно. Өнгөрсөн сард тус улс 10.35 сая тонн эрчим хүчний нүүрс импортолжээ.
Хятадын хувьд “Тэг КОВИД” бодлогоо сулруулсан бол Энэтхэгийн үйлчилгээ, дэд бүтцийн салбарууд тогтвортой хэвээр байгаа тул хоёр улсын эрчим хүчний эрэлтийг нэмэгдүүлж буй аж.
Бусад импортлогч орнууд Вьетнам, Филиппины эрчим хүчний нүүрсний импорт энэ сард мэдэгдэхүйц өсөх хандлагатай байна. Харин Японы эрчим хүчний нүүрсний импорт гуравдугаар сард 10.16 сая тонн буюу сүүлийн 5 сарын хамгийн бага хэмжээнд байх төлөвтэй. Тус улсын хувьд эрчим хүчний нүүрсний импорт ихэвчлэн өвөл, зуны эрэлтийн оргил үед дээд хэмжээнд хүрч, энэ хооронд буурдаг.
Argus-ийн мэдээллээр, гуравдугаар сарын 24-ний байдлаар Индонезийн 4200 ккал илчлэгтэй эрчим хүчний нүүрс 74.55 ам.доллар/тн үнэтэй байжээ. Өнгөрсөн сарын 68.18 ам.долларын үнэтэй харьцуулахад өссөн. 2022 оны мөн үед эрчим хүчний нүүрсний үнэ 120.86 ам.долларт хүрч огцом нэмэгдсэн нь Орос, Украйны дайнтай холбоотой.
Энэ сарын гурав дахь долоо хоногийн байдлаар Ньюкасл боомтод Австралийн 5500 ккал илчлэгтэй эрчим хүчний нүүрс 122.71 ам.доллар/тн үнэтэй байна. Өнгөрсөн оны мөн үед уг төрлийн нүүрс 284.2 ам.долларт хүрч байжээ.