Монголын геологи хайгуул-2023 чуулганы 2 дахь өдөр алт, уран, ГХЭ-ийн төслүүдийг онцоллоо

Э.МИШЭЭЛ

Өчигдөр (2023.03.30)эхэлсэн Монголын геологи хайгуул–2023 хоёр дахь өдрийн чуулганы эхний хэсэгт Лабораторийн аргачлал, технологи, Геологи, ашигт малтмал гэсэн сэдвээр илтгэл тавигдсан. Харин үдийн завсарлагын дараа Ашигт малтмал, хайгуул сэдвээр илтгэл, ханын илтгэл, хэлэлцүүлэг боллоо. Энэ үеэр Хөрөнгө оруулалтын бизнес уулзалт давхар явагдсан юм.

Ашигт малтмал, хайгуул сэдвээр Хан-Алтай алтны үндсэн ордын геологийн судалгааны үр дүнг “Хан өрнөд майнинг” ХХК, Монгол Францын хамтарсан Зөөвч-Овоо төслийг “Бадрах Энержи” ХХК, Халзан Бүрэгтэй газрын ховор элементийн төслийг “Монголиан Нэшил Рийр Ийрт Корп” ХХК, Монголын эпитермал ордны төрөл, жишээ “Эрдэнэ Монгол” ХХК, Зэсийн үүсмэл ордын сульфидын хүдрийн исэлдэлт (Эрдэнэтийн овоо ордын исэлдсэн хүдрийн /88а/ овоолгын жишээнд) “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ тус тус илтгэлээ танилцууллаа.

Илтгэлүүдээс онцолбол, Ховд аймгийн Мянгад суманд байрлах Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төсөл хэрэгжиж эхэлбэл дэлхийн нийт газрын ховор элементийн зах зээлийн 5 хувийг 39 жилийн турш хангах боломжтой гэж төсөл хариуцсан Дэд захирал Ч.Мөнхжаргал ярьж байна. Тэрээр илтгэлдээ дурдснаар 550 ажлын байр бий болж, үйлдвэрийн хэрэгцээнд шаардлагатай хүнсний хангамж, бусад эдийн засгийн материалыг орон нутгийн бизнес эрхлэгчдээс авна.
Харин Дорноговь аймгийн нутаг дахь Зөөвч-Овоо, Дулаан-Уул гэсэн ордын нөөцийг бүртгүүлснээр Монгол Улсын ураны нөөц хоёр дахин нэмэгдэж, нөөцөөрөө дэлхийд тэргүүлэх 10 улсын нэг болсон гэж “Бадрах Энержи” ХХК-ийн илтгэгч Б.Мөнх-Эрдэнэ хэлсэн юм. Илтгэлийн дараа оролцогчдын дундаас мал, малчдын усны бохирдлын асуудлыг тодруулж асуухад “Хайгуул хийж байгаа газраас болон 50-60 км-т байрлах айлуудаас усны дээж авдаг” хэмээн хариуллаа.

Хоёр өдрийн турш үргэлжилсэн Монголын геологи хайгуул-2023 чуулганд 30 гаран илтгэл, хэлэлцүүлгээр уул уурхайн салбарын эрх зүйн орчин, хөрөнгө оруулалт, хуулийн шинэчилсэн найруулга, геологи, судалгааны, лабораторийн аргачлал, технологи, хайгуулын явц, хайгуулд тулгамдаж буй асуудлаар мэдээ, мэдээлэл солилцсон геологи, уул уурхайн салбарын чухал үйл явдал болж өнгөрлөө.