Дэлхийн коксжих нүүрсний зах зээлийн чуулга уулзалт боллоо

Э.ОД

Дэлхийн коксжих нүүрсний зах зээлийн чуулга уулзалт Хятадын Тайюань хотноо (2023.03.29-30)боллоо. Энэхүү арга хэмжээ Хятадын коксжих нүүрсний үйлдвэрлэлээр тэргүүлэх бүс нутгийн нэг Шанси мужид зохион байгуулагдсанаар онцлогтой.
12 дахь удаагийн энэхүү чуулганд Монгол Улсаас “Монгол Нүүрс” ассоциацийн Гүйцэтгэх захирал Ж.Золжаргал оролцжээ. Тэрээр “Монгол Улсын нүүрсний олборлох хүчин чадал 100 гаруй сая тонн. Дэд бүтэц, боомтын тээвэрлэлтийн нөхцөл байдлаас авч үзвэл 50 орчим сая тонн нүүрс экспортлох хүчин чадалтай. Гэхдээ бодит экспортын дээд хэмжээ 36 сая тонн байна. Экспортын өсөлтийг хязгаарлаж байсан төмөр замууд ашиглалтад оруулж байгаа. Монгол Улс ойрын жилүүдэд хилийн боомтуудын нэвтрүүлэх чадлыг 2 дахин нэмэгдүүлэх, ачаа эргэлт 200 гаруй сая тоннд хүргэхээр төлөвлөсөн. Тээврийн дэд бүтэц, гаалийн байгууламжийн сайжруулалтаас хамааран жилийн нүүрсний экспорт 50-100 сая тонн ба түүнээс дээш хэмжээнд хүрэх боломжтой”-г хэлсэн үгэндээ онцолжээ. 

Fenwei Digital Information Technology-ийн судлаач Хоу Иэ “Хятадад түүхий гангийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг бууруулах бодлого 2023 онд үргэлжилнэ. Дотоодын коксжих нүүрсний үйлдвэрлэл нэмэгдэх төлөвтэй. Тиймээс уг төрлийн нүүрсний үнэ буурах магадлал бий. Гэхдээ дотоодын коксжих нүүрсний нөөц хамгийн бага түвшинд байгаа тул эрэлт, нийлүүлэлт хэлбэлзэлтэй байна” гэжээ.
Энэ жилийн “Дэлхийн коксжих нүүрсний зах зээлийн чуулга уулзалт”-аар нүүрс, кокс-хими, металлургийн үйлдвэрлэл, коксжих нүүрсний олон улсын зах зээлийн эрэлт нийлүүлэлт, гангийн салбарын хэтийн төлөв зэрэг сэдвээр ярилцаж, туршлага солилцсон байна. Австрали, Индонез, Орос, АНУ, Сингапур, Энэтхэг, Швейцар, Хонконг болон Хятадын нүүрс үйлдвэрлэгч, бусад орны зочид төлөөлөгчид оролцжээ.

Энэхүү чуулга уулзалтыг нүүрсний зах зээлийн судалгааны Fenwei Digital Information Technology компаниас зохион байгуулсан аж.