Критикал минералын эрэлтээр идэвхжсэн Монголын төслүүд

Э.ОДЖАРГАЛ
od@mininginsight.mn

Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үүднээс хатуу түлшнээс татгалзаж, цэвэр эрчим хүчний хэрэглээ рүү шилжих хөдөлгөөн дэлхий даяар өрнөж байна. Эрчим хүчний шинэ эх үүсвэрт шаардлагатай критикал минералын эрэлтийг дагаад эдгээр металлын геологи хайгуул, ашиглалт, олборлолт нь ихээхэн идэвхжиж байна.

Монгол Улсад ч гэсэн дэлхийн энэхүү чиг хандлагын дагуу эдийн засгийн эргэлтэд оролгүй олон жил хүлээгдэж байсан зэс, ураны төслүүдээс гадна алтны үндсэн орд, мөн лити, газрын ховор элемент, мөнгө зэрэг металлын ордуудын ашиглалт идэвхжих хандлагатай байна.

Хэдийгээр Монгол Улсад критикал минералтай холбоотой эрх зүйн зохицуулалт байхгүй ч Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Өндөр технологийн түүхий эд болох газрын ховор элемент, үнэт, өнгөт, хар, холимог металл, металл бус ашигт малтмал болон газрын тосны эрэл, хайгуулын ажлын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар эрдэс баялгийн нөөцийг арвижуулна гэсэн энэ чиглэлийг дэмжсэн зорилт бий.

Халзан бүрэгтэй, Хотгор ордод хайгуулын судалгааны ажил эхэлсэн

Монгол орны хэмжээнд газрын ховор элементийн Халзан бүрэгтэй, Хотгор, Лугийн гол, Мушгиа худагийн орд дээр ашиглалтын 6 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна. Эдгээрээс дотоод, гадаадын хөрөнгө оруулалттай Халзан бүрэгтэй, Хотгор гэсэн хоёр орд газарт энэ оноос нэгэн зэрэг хайгуул, судалгааны ажил эхэлжээ.

Халзан бүрэгтэй: Ховд аймагт орших Халзан бүрэгтэй ордын төслийн хөгжүүлэлтийг “Монголын Үндэсний ховор элементийн корпораци” өнгөрсөн жилээс идэвхжүүлээд байна. 1984 онд анх нээсэн ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2010 онд шилжүүлэн авахдаа “Монголын Үндэсний ховор элементийн корпораци” ХХК үүсгэн байгуулагджээ.

Худалдаа хөгжлийн банкны 100 хувийн эзэмшилтэй тус компани өнөөгийн байдлаар Халзан бүрэгтэй төсөлд 60 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулжээ.

Ордыг хамарсан 2 тусгай зөвшөөрлийн талбайд нэмэлт хайгуулын ажил 2022 оны аравдугаар сараас эхэлсэн. Хайгуулын үр дүнд урьдчилсан ТЭЗҮ боловсруулах аж. Нөөцөд эдийн засгийн ач холбогдлоор диспрози (Dy) элемент голлож, дагалдах танталум (Ta), необи (Nb) элемент агуулж байна. Диспрози элементийн хэмжээгээр Монголдоо төдийгүй дэлхийд томд тооцогдох орд хэмээн төсөл хэрэгжүүлэгч компанийн зүгээс тодорхойлж буй. Канадын “Red Dot 3D” компани эдийн засгийн урьдчилсан үнэлгээ хийхдээ эл ордыг үр ашигтай гэж дүгнэжээ. 2026 оноос уурхайлах төлөвтэй байна. Олборлолтоос гадна 325 сая ам.долларын санхүүжилтээр боловсруулах үйлдвэр байгуулах юм байна. Ордыг 12.5 жил ашиглах ба жилд 40 сая тонн хүдэр олборлох, 155 мянган тонн баяжмал боловсруулахаар тооцжээ. Ингэснээр дэлхийн ховор элементийн зах зээлийн 5 хувийг эзлэх боломжтой гэж “Монголын Үндэсний ховор элементийн корпораци” үзэж байна.

Хотгор: Өмнөговь аймаг дахь Хотгор ордод 2022 оны аравдугаар сараас нэмэлт хайгуулын ажил хийж эхлээд байна. Эхний ээлжинд ил уурхайн аргаар олборлох төсөөлөлтэй. Хотгор төслийн нөөц тодорхойлох судалгааг энэ жилийн хоёрдугаар сард, нарийвчилсан ТЭЗҮ-ийг 2024 онд багтаан боловсруулахаар төлөвлөжээ. Төслийн 20 хувь Монголын “Хотгор Минералс” компанийн мэдлийнх бол 80 хувийг Их Британийн “Temarise” компани эзэмшдэг.

“Temarise”-ийн 30 хувийг 3.9 сая австрали доллароор “Parabellum Resources” худалдан авах үйл явц үргэлжилж байна. Хотгор төслийн нөөц тогтоох судалгаанд 2.6 сая австрали доллар, өрөмдлөгийн хөтөлбөрт 1.3 сая австрали доллар тус тус зарцуулах аж.

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй хайгуулын “Parabellum Resources”, Монголын “AltMet Process Engineers” компаниуд хамтран байгуулж байгаа газрын ховор элементийн туршилтын үйлдвэрээ энэ оны эхний улиралд ашиглалтад оруулна гэдгээ (2022.12.12) мэдээлсэн. Хотгор ордод 20 км2 талбайг хамрах ашиглалтын MV-015631 тусгай зөвшөөрөл 2040 он хүртэл хүчинтэй. 2007-2014 онд Канадын QGX, Монголын “Хотгор Минералс” компаниуд зэс-алтны хайгуулаар тодорхойлсон ч 12 сая канад доллар зарцуулсны дараа ховор элементийн үнэ унаснаар энэхүү төслийг орхижээ. Parabellum Resources онцолсноор Хотгор төсөл дэлхийд ашиглагдаагүй газрын ховор элементийн том ордын нэг.

Алтны үндсэн ордууд ашиглалтад бэлтгэгдэж байна

2021 онд манай улсад алтны үндсэн ордын хэд хэдэн нөөц шинээр бүртгэгдсэн нь Хойд Бүргэд, Хан-Алтай, Зос уул юм.

Хойд бүргэд: Өмнөговь аймгийн нутагт орших Хойд бүргэд алтны үндсэн ордыг “Эрдэнэс Силвер Ресурс” компани эзэмшдэг бөгөөд ирэх жилээс ТЭЗҮ-ийг батлуулж ашиглалтыг эхлүүлэх төлөвтэй байна. 2020 онд Засгийн газрын 212 дугаар тогтоолоор “Овоот хяр” хайгуулын XV021670, XV-021671 тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол”-ын охин компанид шилжүүлснээр Хойд бүргэдэд 53 тонн алтны нөөц илрүүлсэн. Нөөцийн хэмжээгээр Бороогийн алтны ордтой дүйцэхүйц. Хойд бүргэдээс гадна Төв Бүргэд, Өмнөд Бүргэд зэрэг бусад 5 хүдрийн биетэд хайгуулын ажил хийж буй бөгөөд нөөцийг 80 орчим тоннд хүргэх төсөөлөлтэй байна. Урьдчилсан тооцооллоор 11 жил уурхайлна. Геологичдын ажлын тэмдэглэлээр Хойд бүргэд орд нь Хармагтайн алт- зэсийн бүлэг ордоос 8 км зайд байршилтай.

Хан Алтай: Говь-Алтай аймгийн нутаг дахь Хан Алтай ордын уурхайн бүтээн байгуулалт эхэлсэн бөгөөд 2023 оноос олборлолтод шилжих төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Гэрэл зураг: Хан Алтай төслийн нуруулдан уусгах байгууламж
 
Эхний 5 жилд дунджаар 1.56 тонн алт олборлох ТЭЗҮ боловсруулжээ. Ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг “Хан Алтай ресурс” компанийн (2022.06.28) мэдээлснээр, одоогоор ордод тогтоогдсон алтны нөөцийн хэмжээ 85.4 тонн. Хан Алтай төсөлд нийт 227 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатайгаас 63 хувийг санхүүжүүлжээ.

Дотоод, гадаадын хөрөнгийн зах дээр бонд гарган, санхүүжилтийг үе шаттайгаар татаж байна. Энэхүү төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын алтны экспорт 7.9 хувиар нэмэгдэх боломжтой гэсэн тооцоолол байна.

Зос уул: Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт Зос уул алтны үндсэн ордыг ил аргаар ашиглах ТЭЗҮ-ийг 2021 онд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулжээ. Хайгуулын ажлаар ордод 11.18 тонн алтны нөөц тогтоосон байна. Алтнаас гадна зэсийн нөөц илрүүлжээ. Ашиглалтын тусгай зөвшөөрлийг СДДГ ХХК эзэмшиж байна.

Идэвхжсэн металын төслүүд

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Стратегийн ач холбогдол бүхий ордуудын эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх, томоохон ордуудыг ашиглалтад оруулж, экспортын хэмжээг нэмэгдүүлэх зорилтын дор Оюутолгойн далд уурхай, Цагаан суваргын зэс, молибденийн ордыг ашиглалтад оруулах, Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад шаардлагатай туршилт, судалгаа хийж, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх, Салхитын мөнгөний ордыг төслийн хүчин чадалд хүргэж ашиглах, Зүүн цагаан дэлийн жоншны далд уурхайг ашиглалтад оруулахаар дэвшүүлсэн билээ.

Цагаан суварга: Стратегийн ордод хамаардаг эл орд 1.7 сая тонн зэс, 61 мянган тонн молибденийн нөөцтэй. Сүүлийн үеийн мэдээллээс анзаарвал хэрэгжүүлэгч компанийн зүгээс төслөө боломжийн хэрээр урагшлуулж байна. “Эрдэнэс Цагаан суварга” (МАК) компани өнгөрсөн хугацаанд төсөлд 400 сая ам.долларын хөрөнгө оруулжээ. Нийтдээ 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын өртөгтэй. Төсөл 15-20 жил үйлдвэрлэл явуулах ба жилд 300 мянган тонн зэсийн баяжмал, 5000 тонн молибдений баяжмал экспортлох төсөөлөлтэй байна. “Монголын Алт” компаниас тавдугаар сард танилцуулахдаа төсөл хэрэгжсэнээр улсын төсөвт татвар хураамж хэлбэрээр жилд 100-150 сая ам.долларын татварын орлого төвлөрүүлнэ. Энэ тооцооллыг хийхдээ зэсийн үнийг 6600 ам.доллароор авч үзжээ.
Цагаансуваргын зэсмолибденийн үйлдвэрийн туршилтын залгалтыг 2021 онд хийх нөхцөлтэй гүйцэтгэлийн ерөнхий гэрээг хоёр жилийн өмнө “Эрдэнэс цагаан суварга” компани үзэглэсэн. Харин жилийн өмнө, ордыг ил аргаар ашиглах ТЭЗҮ-ийн тодотголоо Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр оруулжээ. Дорноговь аймаг дахь Цагаансуваргын төслийн талбайгаас 40 км зайд Зүүнбаян- Ханги чиглэлийн төмөр зам байгуулагдаад байна. Дэд бүтэц бий болсон нь арав гаруй жил хүлээгдэж байгаа Цагаансуваргын төсөл эдийн засгийн эргэлтэд орох чухал нэг нөхцөл юм. Гэхдээ зэсийн борлуулалтын орлогоос авдаг өсөн нэмэгдэх АМНАТөөс шалтгаалж Цагаансуваргын төсөл эдийн засгийн үр ашиггүй болж хувирах эрсдэлтэй байгаа.
Асгат: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оны эхээр Баян-Өлгий аймагт ажиллахдаа Асгатын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна хэмээн “амласан”. Стратегийн энэ ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” эзэмшиж байна. Тус компани ордын ТЭЗҮ-ийг шинэчлэн боловсруулах, шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх асуудлыг хариуцаж байгаа бөгөөд судалгааны ажлыг эхлүүлжээ.

Асгатын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Т.Аубакирын (2022.07.07) мэдэгдсэнээр шаардлагатай хөрөнгө оруулалт шийдэгдсэн байна. 

Цогц байдлаар ордыг ашиглах 600 сая ам.долларын хөрөнгө оруулалтын урьдчилсан саналаа АНУ-ын хөрөнгө оруулагчдаас ирүүлснийг 2020 онд УУХҮЯ-наас мэдээлж байсан. Ордын хувьд хэд хэдэн онцлогтой. Мөнгөний 6828 тонн нөөцөөс гадна дагалдах зэс, алт, сурьма, висмут зэрэг үндсэн ашигт малтмал, хар тугалга, цайр, мышьяк, алт, кадми зэрэг холимог металлын орд юм. Нөөцийг дахин тодорхойлох шаардлагатай гэж үздэг. Хам баяжмал дахь хорт бодисоос мөнгийг салгах технологийг сонгож чадаагүйгээс өнөөг хүртэл ордыг ашиглаж чадаагүй. Нөгөөтэйгүүр орд нь Монголын хилийг дамнан үргэлжилсэн Оросын 3-4 ордтой геологийн нэг судалд оршдог. Оросууд тэдгээр ордыг дангаар эдийн засгийн ашиггүй гэж үздэг тул Монголын талтай нэгдмэл байдлаар Асгатыг түшиглэн ашиглах сонирхолтой. Эгц өндөр ууланд орд байршдаг болохоор дэд бүтцийн хувьд асуудал бий.

Хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээрт ойртсон ураны төсөл

Зөөвч Овоо: Дорноговь аймагт ураны Зөөвч Овоо төслийг хэрэгжүүлэгч “Бадрах Энержи” компани Тогтвортой байдлын гэрээний төслөө ХЗДХЯ-нд өгчээ. Одоо Монгол, Францын хувьцаа эзэмшигч талууд Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл дээр хамтран ажиллаж байна. Ирэх оны эхний улиралд ХӨГ-г эцэслэн Цөмийн энергийн комисст хүргүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр Засгийн газартай ХӨГ байгуулах хэлэлцээрт орно гэсэн үг. Өнгөрсөн оны долдугаар сараас эхэлсэн Зөөвч Овоо төслийн туршилтын үйлдвэрлэл 500 хоног үргэлжилж нийт 16 тонн шар нунтаг олборлох ажээ. Туршилтын үр дүнгээр төслийн нарийвчилсан ТЭЗҮ-ийг шинэчлэн боловсруулах юм байна.
Гэрэл зураг: Зөөвч Овоо төслийн талбай

Үндсэн олборлолт эхэлснээр төслийн 36 жилийн хугацаанд нийт 1.2 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулах, 1.3 тэрбум ам.долларыг татвар хураамж хэлбэрээр Монгол Улсад төлөхөөр урьдчилан тооцжээ.

Энэхүү төслийн 34 хувийг “Мон-Атом” компаниар дамжуулан Монголын төр эзэмшдэг бол 66 хувийг Францын төрийн өмчит “Орано” групп эзэмшдэг. Гурван жилийн өмнө “Эрдэнэс Монгол”-ын бүтэц бүрэлдэхүүнд “Мон-Атом” компанийг нэгтгэсэн юм. “Орано” групп 25 жил Монголд ураны хайгуул, судалгааны үйл ажиллагаа явуулахдаа нийт 255 сая ам.долларын хөрөнгө оруулжээ. Зөөвч-Овоо нь 93291 тонн нөөцийн хэмжээгээрээ дэлхийд сүүлийн 10 жилд нээн илрүүлсэн хамгийн том ураны ордод тооцогдож байна. 

Майнинг Инсайт Сэтгүүл, Арванхоёрдугаар сар 2022