ХБНГУ-ын Засгийн газар нь ногоон шилжилтэд чухал ач холбогдолтой түүхий эдийн олборлолт, үйлдвэрлэлийг дэмжих 2 тэрбум еврогийн (2.2 тэрбум ам.доллар) хөрөнгөтэй улсын сан байгуулахаар төлөвлөжээ. Одоогоор канцлер Олаф Шольц, Ногоон эдийн засгийн сайд Роберт Хабек нар тус санг дэмжиж байна. Тус улсын эрх баригчидтай санхүүжилтийг зөвшилцсөн тохиолдолд шинэ сангийн үйл ажиллагааг ирэх жилээс эхлүүлэх боломжтой гэж үзэж байгаа юм.
DIW Berlin-ы судалгаагаар Герман улс чухал түүхий эдийн 90 гаруй хувийг импортолдог. Харин Хятад улс нэн ач холбогдолтой металлуудын нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлдэг. Украйн дахь дайнаас хойш Германы хувьд Оросын байгалийн хийнээс хараат байдал хүнд дарамт болсон юм. Тиймээс түүхий эдийн нийлүүлэлтийн сүлжээг үндэсний аюулгүй байдлын асуудал гэж Европын хамгийн том эдийн засагтай орон үзэж байна.
Герман Эдийн засгийн яамны мэдээлэлд дурдсанаар шинээр байгуулах сан нь зөвхөн дотоод гэлтгүй гадаадын эрдэс металлын төслүүдийг дэмжинэ. Ер нь Европын холбооны хувьд чухал түүхий эдийн боловсруулах, дахин боловсруулах үйлдвэрлэлийг санхүүгийн эх үүсвэрээр дэмжих бодлого барьж байна. Зөвхөн Европ гэлтгүй бусад импортлогч орнууд ч критикал минералын нийлүүлэлтэд анхаарч буй. Тухайлбал Японы төрийн өмчит Metals and Energy Security компани чухал түүхий эдийг хадгалах, нөөцийг илрүүлэхэд зээл санхүүжилт олгохоос гадна энэ чиглэлийн гадаад дотоодын компаниудын хувьцааг худалдаж авдаг.