Haiyang: 17.1 сая тонн түүхий нүүрсний хэрэглээ, 32 сая тонн нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулна

Э.МИШЭЭЛ

БНХАУ-ын зүүн хэсэгт байрлах Шандун мужийн Haiyang атомын цахилгаан станцын төсөл бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр жилд 17.1 сая тонн түүхий нүүрсний хэрэглээ, 32 сая тонн нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулна. Төслийн хоёр дахь шатны III блокийн ажил өнгөрсөн оны долоодугаар сарын 7-нд эхэлсэн. Haiyang III, IV төслийн барьж дуусгах хугацаа 56 сар гэж төлөвлөж байгаа бөгөөд хоёр нэгжийн ажлыг 2027 онд дуусгана гэж Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын корпорац мэдэгджээ. Одоо IV блокийн бетон цутгалтын ажил үргэлжилж байна.

Төслийн эхний шатны I, II блокийн хоёр реактор 2019 онд ашиглалтад орноос хойш 89 гаруй ТВц-ийн эрчим хүч хуримтлуулж, 38 сая тонн түүхий нүүрсний хэрэглээг хэмнэж, 71 сая тонн нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулжээ.

Haiyang атомын цахилгаан станцын төсөл 2008 онд эхэлсэн. 2013 онд I блокийн иргэний барилгын ажил дууссан ба 2018 оноос эрчим хүчний сүлжээнд холбогджээ. Харин II блокийн барилгын ажил 2010 онд эхэлж, 2019 оноос эхлэн эрчим хүчний сүлжээнд холбогдсон. Хоёр блок нийтдээ Шандун мужийн эрчим хүчний сүлжээний 20 орчим ТВц-ийн цахилгаан нийлүүлдэг. Энэ нь 101 сая хүн амтай тус мужийн өрхийн хэрэглээний 1/3-ыг хангадаг байна.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Haiyang төслийн III, IV, V, VI, Sanmen төслийн III, IV гэсэн блокуудад реактор барих зөвшөөрлийг Хятадын Төрийн зөвлөл олгожээ.