Хятадын ган хамгийн том үйлдвэрлэгч Baosteel, Саудын Арабын төрийн Saudi Aramco болон тус улсын Хөрөнгө оруулалтын сан (PIF) гангийн үйлдвэрлэлийн хамтарсан компани байгуулах гэрээг үзэглэжээ.
Хамтарсан компанийн 50 хувийг Baosteel, Saudi Aramco болон PIF тус бүр 25 хувийг тус тус эзэмшинэ. Жилд 2.5 сая тонн шууд ангижруулсан төмөр, 1.5 сая тонн ган хавтан үйлдвэрлэх хүчин чадалтай гангийн үйлдвэрийг Саудын Арабд байгуулах юм. Baosteel-ийн мэдэгдсэнээр, гангийн шинэ үйлдвэрлэлийн баазыг 2026 онд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Байгалийн хийгээр ажиллах цахилгаан нуман зуух суурилуулснаар нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг тэсэлгээний зууханд ган үйлдвэрлэх процесстой харьцуулахад 60 гаруй хувиар бууруулах ажээ.
Саудын Араб нь ган үйлдвэрлэх гурван төслийг нийт 9.32 тэрбум ам.долларын өртгөөр хэрэгжүүлэхээр болсноо өнгөрсөн оны есдүгээр сард зарласан билээ. Нийт 6.2 сая тонн орчим ган үйлдвэрлэх хүчин чадалтай байх аж. Энэ хүрээнд тус улсын Засгийн газар дотоодын, олон улсын хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийж байгаагийн нэг нь Baosteel, Saudi Aramco болон PIF хамтарсан үйлдвэр юм.