Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны аравдугаар сарын 12-15-ны өдрүүдэд ХБНГУ-д албан ёсны айлчлал хийх үеэр хэд хэдэн сэдэв хөндөгдсөний дотор ашигт малтмал, газрын ховор элементийг хамтран боловсруулах асуудал багтсан юм. 2023 оны эхний хагаст Германы талаас энэ чиглэлд хариу айлчлал хийхээр товлогдоод байна. Тэр үед Монгол Улс ямар чиглэлд хэрхэн хамтарч ажиллах талаар юу санал болгох нь чухал юм.
Гэрэл зураг: Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ ХБНГУ-ын Канцлер О.Шольц нар
ХБНГУ, Монгол Улсын “Ашигт малтмалын түншлэл”- ийн эргэн тойронд
Эрдэс баялаг, түүхий эдийн нийлүүлэлтийн найдвартай байдлаа хангах үүднээс Герман Улс энэ салбарт хэрэгжүүлэх стратегийн бодлогоо 2010 онд боловсруулсан. Уг стратегиэр байгалийн баялгийн нөөц бүхий цөөн оронтой түншлэлийн хэлэлцээр байгуулахаар тогтсоны нэг нь Монгол Улс байв.
2011 оны аравдугаар сард Ангела Меркел ХБНГУ-ын Канцлерын хувьд Монгол Улсад анх удаа айлчлах үеэр “Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай” хэлэлцээрийг байгуулсан билээ. Энэхүү хэлэлцээрийг ХБНГУ-ын Засгийн газар анх удаа Монгол Улсын Засгийн газартай байгуулсан.
Дараа нь Казахстан, Перу Улстай байгуулсан байдаг. Харин уул уурхайн салбарт хамтран ажиллах Санамж бичгийг Австрали, Чили, Канадтай Улстай байгуулаад байгаа. Дээрх хэлэлцээрээр Монголын байгалийн нөөц баялаг, Германы дэвшилтэт технологи зэрэг хоёр улсын давуу тал, хөгжлийн нөөц бололцоог ашиглан харилцан ашигтай, бие биеэ нөхсөн эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр тохиролцсон юм. Ихээхэн хүлээлттэй байсан уг хэлэлцээрээр ашигт малтмалыг хайх, олборлох, ашиглах, боловсруулах чиглэлд хоёр улсын аж ахуйн нэгжүүд хамтран ажиллах шинэ боломжуудыг нээж, шинэ түвшний яриа хэлэлцээ хийх нөхцөлийг бүрдүүлснээрээ чухал ач холбогдолтой. Хэлэлцээр байгуулах үеэр нүүрс шингэрүүлэх үйлдвэр Монголд барих төсөл болон газрын ховор элемент, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах яриа хэлцлүүд хоёр улсын компаниудын хооронд идэвхтэй яригдаж байлаа.
Хэлэлцээр байгуулсны дараах жилүүдэд ч яриа хэлцлүүд эрчтэй явсан. Тодорхой нэг жишээ нь 2015 онд “Монголын Алт” компани ХБНГУ-ын “Aurubis” компанитай байгуулсан зэсийн баяжмал нийлүүлэх урт хугацааны гэрээ юм. ХБНГУ-ын Засгийн газар МАК-д баталгаа гаргаж өгснөөр зэс молибденийн Цагаансуварга төсөлд шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх нөхцөл дээрх хэлэлцээрээр бүрдээд байв. Хэлэлцээрт тусгагдсан асуудалд Монголоос тодорхой түүхий эдийг Германы үйлдвэрүүдэд нийлүүлэх юм бол Германы талаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх утгатай заалт бий. Тодорхой нөхцөл шаардлагыг хангасан тохиолдолд Германы Засгийн газрын баталгаа гаргах, баталгаан дээр үндэслэн санхүүжилт хийгдэх гарцыг уг хэлэлцээрээр нээсэн. Тэрхүү гарц шийдлийг “Монголын Алт”, ХБНГУ-ын “Aurubis” компаниуд олж харсан хэрэг юм. Гэвч дурдсан төслүүд хэрэгжээгүй. Зохих баримт бичигт гарын үсэг зурсан хэдий ч зах зээл, дэд бүтцийн нөхцөл байдлын улмаас хэрэгжиж эхлээгүй хүлээлттэй байгаа нь ч бий. Мөн хууль эрх зүйн орчин, бодлого шийдвэр өөрчлөгдсөний улмаас зогссон, цуцлагдсан нь ч байна. Хэдийгээр хувийн хэвшлийн харилцаа дорвитой хөгжөөгүй ч хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Казакстан, Перу улсаас илүүтэй Монгол Улсын эрдэс баялгийн бодлого, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлд олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлснийг Бундэстагийн 2020 оны хоёрдугаар сарын 17-ны тэмдэглэлээс харж болно. Тиймээс түншлэлийн гэрээг үр дүнгүй байсан гэж дүгнэж болохгүй юм.
Аравдугаар сарын 20-нд Берлин хотноо болсон Ашигт малтмалын конгрессын үеэр ХБНГУ-ын Ашигт малтмалын газрын дарга П.Буххольцоос энэ чиглэлд байр суурийг нь тодруулахад, юуны өмнө Германд хайгуул, олборлолт хийдэг компани байхгүйтэй холбоотойгоор хувийн хэвшлийн хамтын ажиллагаа үр дүнтэй өрнөж чадаагүй байх. Нөгөө талаар бизнесийн итгэлцэл дээр суурилсан харилцаа үүсэж чадаагүйн нэг шалтгаан нь Монгол Улсын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин, лиценз олголт, гадны хөрөнгө оруулагчдын лиценз болон зарим сонгон шалгаруулалтыг цуцалсан зэрэг тогтворгүй байдал нөлөөлсөн гэж харж буйгаа хэлсэн юм.
Ашигт малтмалын хэрэгцээгээ хангах Герман Улсын шинэ стратеги
Германы Засгийн газраас 2020 оны нэгдүгээр сарын 15-д Ашигт малтмалын хоёр дахь стратегиэ баталсан юм. Компаниудаа найдвартай, хариуцлагатай ашигт малтмалаар хангагдахад нь дэмжлэг үзүүлэх энэхүү бодлогын хамт Германы аж үйлдвэрлэлийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, анхан шатны түүхий эдийг хэмнэлттэй ашиглахад чиглэсэн үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан. Уул уурхайн ажиллагаа байгаль орчинд төдийгүй хүний эрхийг эрсдэлд учруулах талтай тул энэхүү эрсдэлийг бууруулахад ч уг стратеги мөн чиглэсэн байна. Хамгийн онцлууштай нь Германы Засгийн газар технологийн гол түүхий эд болох (z.B. Lithium, Kobalt, Seltene Erden, Tantal, Magnesium und Titan) зэрэг эрдсийн улам бүр өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахын тулд Ашигт малтмалын түншлэл тогтоосон орнуудтай хамтран ажиллана гэдгээ уг бодлогоор баталгаажуулсан юм.
Ашигт малтмалын шинэ стратегийн нэг чухал хэсэг нь санхүүгийн баталгаа. /untied financial loans/credit./ ХБНГУ-ын Засгийн газар нь Германы аж ахуйн нэгжүүдийн зүгээс түншлэгч орнуудад явуулах бизнесийн үйл ажиллагааг гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогын арга хэрэгслээр хангахаар заасан. Энэхүү арга хэрэгсэлд хөрөнгө оруулалтын баталгаа болон санхүүгийн зээлийн баталгаа, экспортын зээлийн даатгал орж байна. Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын төсөлд Германы Засгийн газар зээлийн баталгаа гаргана. Энэхүү бодлого дайны улмаас шинэ нөхцөлд улам эрчтэй хэрэгжиж байна. Орос Украины дайн эхэлснээс хойш Герман улс нь байгалийн хийн хомсдолтой нүүр тулгарсан тул түүхий эдийн импортын хувьд цөөн орноос хараат байдлаасаа гарах бодлогыг идэвхтэй явуулж эхэллээ. Өнөөдрийн байдлаар Герман улс олон төрлийн ашигт малтмал, түүхий эдээр Хятад улсаас хамааралтай бөгөөд ялангуяа ховор элементийн хувьд 80-90 хувийн хэт хараат байдалд байна.
Ашигт малтмалын конгрессын нээлтийн үеэр Холбооны Эдийн засаг, цаг уурын сайд Р.Хабек, Герман Улс Орос дээр гаргасан байгалийн хийн алдаагаа давтахгүй, засахын тулд тус яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Ф.Брантинер ахлан идэвхтэй ажиллаж байгаа гээд ашигт малтмалын хэрэгцээгээ хангахдаа худалдааны шинэ стратеги баримтлах болсноо дуулгасан юм. Энэ нь олборлолт явуулж буй оронд боловсруулалт хийхэд нь ач холбогдол өгч, дэмжих бодлого гэж мэдэгдсэн. Үүнээс гадна хоёр чиглэлд ажиллаж байгаа нь нэгдүгээрт дотоодын уул уурхайн олборлолтыг сэргээхийн тулд Ашигт малтмалын хуулиа шинэчлэх, хоёрдугаарт түүхий эдийг дахин боловсруулан ашиглахад ач холбогдол өгнө гэсэн юм.
Германы төр засаг, хувийн хэвшил санаа нэгтэйгээр “Made in Germany” гэх аж үйлдвэржилтээр дэлхийд тэргүүлэх байр сууриа цахимжилт, цаг уурын өөрчлөлт, цар тахал, дайны улмаас өөрчлөгдөн хувирч буй нөхцөлд алдахгүйг хичээж байна. Үүний тод илрэл нь төр засаг нь ашигт малтмалын эх үүсвэрээ төрөлжүүлэх, нэмэгдүүлэхийн тулд гадаад айлчлалыг идэвхтэй хийж, хувийн хэвшлийнхэн нь тулгарч байгаа шинэ нөхцөлд зохицохын тулд компанийнхаа дотоод өөрчлөлтийг хурдтай эхлүүлж буй үйл явц юм. Канцлер О.Шольцын энэ оны наймдугаар сард Канад улсад хийсэн айлчлалын үеэр Volkswagen, Mercedes-Benz компаниуд цахилгаан машины батарейн үндсэн түүхий эд болох лити, кобальт болон никель худалдан авах гэрээ байгуулсан. Мөн Mercedes-Benz компанийн 10 дугаар сарын 20-ны өдөр гаргасан хэвлэлийн мэдээгээр, тус компани жилд дунджаар 10,000 тонн (энэ нь жилд 150,000 цахилгаан машин үйлдвэрлэхэд хүрэлцэх) Lithiumhydroxid литийн баяжмалыг Канадын Rock Tech Lithium-ээс авахаар гэрээ байгуулжээ. Энэхүү гэрээгээр Герман-Канадын хамтарсан компанийг Германы Губин хотод байгуулах, үйлдвэрийг 2024 оноос барьж, 2026 онд ашиглалтад оруулснаар жилд 24,000 тонн боловсруулсан лити гаргах юм. Олборлолт, тээвэр, боловсруулалтыг нь Хариуцлагатай уул уурхайн IRMA стандартын дагуу хийх юм байна.
Мөн өнгөрсөн 10 дугаар сард Германы Засгийн газар уул уурхайн Trafigura компанидаа 800 сая долларын 5 жилийн хугацаатай зээлийн баталгаа гаргасан бөгөөд 5 жилийн хугацаанд 500,000 тонн хүртэл хөнгөн цагаан, зэс зэрэг өнгөт металл авах болсон бол Volkswagen зэрэг том компаниуд бүтэцдээ ашигт малтмалын хангамжийн газрыг шинээр байгуулж, түүхий эдийн баталгаат байдлаа хангахыг зорин ажиллаж байна. 10 дугаар сарын 21-нд Ntv сайтад мэдээлснээр Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Ф.Брантинер, “Мэдээж хэрэг манай компаниуд энэ өөрчлөлтийн улмаас гэнэт уул уурхайн компани болчихгүй. Тэд Оффтейк гэрээ байгуулах, эсвэл уул уурхайн төсөлд хөрөнгө оруулж хувь эзэмших, мөн боловсруулах үйл явцад оролцсоноор өрсөлдөөн улам ширүүсэж байгаа энэ цаг үед өөрсдийн түүхий эдийн эх үүсвэрээ баталгаажуулах ёстой” гэсэн бол Германы Ашигт малтмалын газрын дэд дарга С.Шульц, “Бид уул уурхайн төсөл сонирхож буй компаниудыг тухайн төсөлд эхнээс нь оролцохыг санал болгож байна. Анхнаас нь оролцсоноор эцсийн бүтээгдэхүүн хаашаа явах шийдвэрт оролцох боломжтой. Мөн “Junior-Mining” буюу хайгуулын үйл ажиллагаанд оролцохыг компаниудад санал болгож байна” гэжээ. Германы зэс боловсруулагч Aurubis компанийн захирал Р.Харингс, уул уурхайн төсөлд оролцох компаниудын санаачилгад Засгийн газар өнгөрсөн хугацаанд санхүү, улс төрийн эрсдэлийн баталгаа гаргахдаа дэндүү хойрго, удаан байсныг шүүмжлээд, цаашид энэ чиглэлд хурдацтай ажиллах хэрэгтэйг сануулсан юм.
Үргэлжлүүлэн, Германы Сэргээн босголтын банк нь экспорт, хөрөнгө оруулалтын баталгаанаас гадна уул уурхайн төсөлд зээлийн санхүүжилт өгөх ёстой гэсэн байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, Бундэстагийн 10 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаан дээр Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Ф.Брантинер санхүүжилттэй холбоотой шинэ төлөвлөгөө танилцуулсан юм. Хувийн болон төрийн санхүүжилт дээр нэмээд буцалтгүй тусламж, зээлийн баталгаа гэсэн өргөн хүрээнд ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, дахин боловсруулалтыг дэмжинэ. Энэ нь сан байдлаар байж болох бөгөөд санг Европын Холбооны гишүүн улсууд, тэр дундаа Франц улстай хамтран ажиллуулах төлөвлөгөөтэй байна гэв.
Цаашдын боломж
Холбооны Эдийн засаг, цаг уурын яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга, Бундэстагийн гишүүн Ф.Брантинерийн хэлснээр байгалийн нөөцийн ханган нийлүүлэлтийг төрөлжүүлэх дээр Чили улстай тодорхой хамтын ажиллагаа эхлүүлж байгаа аж. Тэрбээр ойрын хугацаанд Вьетнам, Өмнөд Африк, Алжир, Монгол Улс руу айлчлал хийх юм. Монгол Улсад 2023 оны зургаадугаар сард айлчлахаар төлөвлөсөн бөгөөд дөрөвдүгээр сард Майнинг Инсайт сэтгүүл түүнтэй ярилцлага хийхээр төлөвлөсөн билээ.
Гэрэл зураг: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Парламентын Төрийн нарийн бичгийн дарга, Бундэстагийн гишүүн Ф.Брантинерийн хамт.
Германы Ашигт малтмалын газрын дэд дарга С.Шульц, Ашигт малтмалын түншлэл байгуулсан, ардчиллын үнэт зүйлсээр холбогдож байгаа улс орнуудтай илүү идэвхтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтойг дурдаад, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Германы Канцлер хүлээн авсан нь үүний илрэл гэж харж болно гээд ардчилсан орнууд болох Канад, Австрали, Чили, Монгол улстай идэвхтэй харилцаа өрнүүлэх боломжтой юм гэсэн байна.
Монгол Улсад эрчим хүчний шилжилт, технологийн хувьслаас үүдэн эрэлт нь өдөөгдсөн шинэ эрдэс, түүхий эд буюу критикал минералуудын эрэл хайгуул, нөөцийг өсгөх бодлогыг эдийн засгийн механизм, хууль дүрмээр дэмжих, ашиглах эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар ид яригдаж байна. Энэ бүхэн нь хоёр улсын “Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай” хэлэлцээрийг шинэ нөхцөлд эрчтэй хөгжүүлэх гарааны нөхцөл юм. Германы Засгийн газраас 2020 онд баталсан Ашигт малтмалын хоёр дахь стратеги, дайны дараа баримталж буй ашигт малтмалын хэрэгцээгээ хангах худалдааны шинэ стратегиэр энэ нь улам баталгаажиж байна.
Мөн дээр дурдсан Ф.Брантинерийн Бундэстагийн 10 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаан дээр хэлсэн санхүүжилтийн шинэ санаачилга хоёр улсын хувийн хэвшлийн компаниудын ашигт малтмалын харилцаанд түлхэц болох нь мэдээж. Байгалийн нөөц баялагтаа тулгуурлан, эдийн засгийн бусад салбараа хөгжүүлэх Монгол Улсын эрмэлзэл, түүхий эдийн хэрэгцээ, эх үүсвэрээ олон талт болгох Герман улсын зорилготой давхцаж буй энэхүү нөхцөл нь дахин шинэ агуулгаар ашигт малтмалын салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх боломжийг нээж байна. “Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай” хэлэлцээрийн ач холбогдлыг ч улам тодруулж байна. Тиймээс хэлэлцээрийн хүрээнд нөөц бололцоогоо чиглэл зорилготой ашиглаж, үр ашигтай хамтын ажиллагаа, бодит төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд хоёр талаас зориуд бодитой хүчин чармайлт гаргах цаг ирээд байна.
Майнинг Инсайт Сэтгүүл, Арваннэгдүгээр сар 2022