Уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татахад геологи хайгуул шууд хамааралтай

УУХҮ-ийн дэд сайд О.БАТНАЙРАМДАЛ:

Манай улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70-75 хувь уул уурхайн салбарт хамааралтай байна. Дэлхийн зах зээлд өрсөлдөх Монголын давуу тал бол уул уурхай. Энэ салбарт хөрөнгө оруулалт татахад геологи хайгуул шууд хамааралтай. Монгол Улс 1997 оноос хойш хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг Ерөнхийлөгчийн хоригоор 4 жил бүрэн зогсоосон удаатай. Өнгөрсөн хугацаанд зөвшөөрлийг өргөдлөөр, сонгон шалгаруулалтаар, аль алийг нь хослуулсан байдлаар олгож туршсан.

Сүүлийн 7 жилд нийт 500 тусгай зөвшөөрөл олгосон нь чамлалттай. Өнөөгийн байдлаар тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох үйл явцыг бүрэн цахимжуулаад байна. Энэ онд хайгуулын 400-500 тусгай зөвшөөрөл олгохоор талбай ялган, цахимаар сонгон шалгаруулалт явуулахаар бэлтгэл хангасан. Талбайг тавдугаар сараас эхлэн албан ёсоор зарлана. Хайгуулын тусгай зөвшөөрлийг нэмэгдүүлснээр гадаадын хөрөнгө оруулалтыг идэвхжүүлнэ гэж харж байна. Өмнө нь дэд бүтцийн төсөл гэхэд УУХҮЯ-наас гадна 5-6 яам оролцож байж урагшилдаг байсан бол одоо тэр бүх уялдааг Эдийн засаг, хөгжлийн яам зангидна. Мөн хууль эрх зүй болон татварын орчны тухайд АМНАТ, “стратегийн орд” гэх ойлголт, чухал ач холбогдолтой ашигт малтмал (critical minerals) гэсэн олон улсын концепцтой холбоотой томоохон өөрчлөлтүүд Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар хийгдэнэ.

Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ 10 мянган ам.доллар давахад 25 хувийн роялти авдаг жишиг олон улсад хаана ч байхгүй. Уул уурхайн салбарын олон талын оролцогчдын эрх ашгийг хөндсөн хууль учир төр засаг, аж ахуйн нэгжүүдээс гадна орон нутгийн түвшинд, иргэд малчдыг хамруулсан өргөн хүрээний хэлэлцүүлгүүд хийнэ. Мөн суурь судалгааны ажлууд давхар хийгдэж байгаа учир хуулийн шинэчлэлийг шуурхайлах амаргүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх төлөвлөгөөтэй. Уул уурхай өндөр хөгжсөн Австрали, Канад улс ч хөгжлийн аль нэг үе шатандаа баялгийн үндэрсэг үзлийг шийдээд ирсэн. Хамгийн том сургамж бол оролцогч талууд нэгдэх ёстой. Уул уурхайг зөв ойлгуулах ажлыг төр дангаараа хийхгүй. Аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, иргэд гээд эрх ашиг хөндөгддөг бүх оролцогч талууд нэгдэж, хамтын оролцоотой сурталчлан таниулах учиртай. Тэгж байж өмнөх 30 жилд дахин дахин гарч ирсэн асуудлуудыг бид хамтдаа шийдэж чадна.