“Рио Тинто Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Х.АМАРЖАРГАЛ:
2014 онд Оюутолгой төслийг дагаад Монгол Улсад, тэр дундаа уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт огцом нэмэгдсэн. Дараа нь хууль эрх зүйн орчны өөрчлөлт, Оюутолгойн ил уурхайн үйлдвэрлэл түр зогссоны улмаас ГШХО буурсан. Өнөөдөр улсад орж ирж байгаа 2 ам.доллар тутмын 1 ам.доллар Оюутолгой төсөлтэй холбоотой байгаа нь маш хангалтгүй юм. Монгол руу гадаадын хөрөнгө оруулалт татах хамгийн боломжтой салбар бол уул уурхай. Судалгаанд дурдсанаар, макрогоос микро түвшиндээ олон асуудал байна. Улс төрийн намууд нэг талдаа гарч чаддаггүй. Гадаадын хөрөнгө оруулалтын ач холбогдлын талаар нэгдсэн бодлого, байр суурьгүй байна. Уул уурхай, хайгуулын үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэд уул уурхай, хайгуулын ажил явагдсанаар ямар үр өгөөжтэй талаар маш муу ойлголттой, дийлэнх нь “нинжа” маягаар төсөөлдөг. Тиймээс УИХ, Засгийн газар болон компаниуд нэгдсэн ойлголтоор эрдэс баялгийн салбараа дотооддоо ч, гадаадад ч таниулах нь маш чухал байна.
Өдгөө дэлхий дахинд, ялангуяа уул уурхай хөгжсөн, хууль эрх зүй нь тодорхой улс орнуудад сайн чанарын томоохон ордуудын нөөц багасаж байна. Тиймээс хөрөнгө оруулагчид сайн ордын эрэлд гарч байгаа. Харин Монголд ашигт малтмалын нөөц бий, боломж нь ч байна. Тэр боломждоо хөрөнгө оруулагчдыг хэрхэн татах шийдлийг бид эрэлхийлж байгаа. Хамгийн гол нь бизнесийн таатай орчинд хөрөнгө оруулалт татна. Хөрөнгө оруулагчид нэн тэргүүнд татварын орчныг харгалздаг. Татварын орчин ойлгомжтой тодорхой, хуулиудыг хүн бүр өөрийнхөөрөө тайлбарлаад байхгүй, журмууд хоорондоо уялдаатай байж ГШХО нэмэгдэнэ. Ашигт малтмалын тухай хуулийг өөрчлөн найруулах ажил удаан байна.