Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Монгол Улсын Шивээхүрэн боомтыг БНХАУ-ын Сэхэ боомтоор холбогдох 7.1 км төмөр замын бүтээн байгуулалтыг (2023.05.27)эхэлж байна. Шивээхүрэн нь манай улсын нүүрсний экспортын 48 хувийг хангадаг стратегийн ач холбогдолтой, түүхий эдийн хоёр дахь том боомт юм.
Бүтээн байгуулалтын нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцов. Тэрээр хэлсэн үгэндээ “Шивээхүрэн-Сэхэ боомтыг төмөр замаар холбох нь Монгол Улс, ОХУ болон БНХАУ-ын “Эдийн засгийн коридор”-ын хил дамнасан төмөр зам болох баруун босоо тэнхлэгийн Шивээхүрэн-Нарийнсухайт-Арцсуурь чиглэлийн төмөр замын эхлэл болж буйгаараа стратегийн онцгой ач холбогдолтой”-г онцолжээ.
Засгийн газрын 2023 оны тавдугаар сарын 17-ны өдрийн 186 дугаар тогтоолоор Шивээхүрэн-Сэхэ боомтын хил дамнасан төмөр замын суурь бүтэц барих болон суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Нарийнсухайтын төмөр зам” компанид олгосон.
Уг төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх бөгөөд төмөр замыг 6 сарын хугацаанд байгуулахаар төлөвлөж байна. Хамгийн гол онцлог бол тус төмөр зам нь нарийн царигийнх байх юм.
Шивээхүрэн-Сэхэ хил дамнасан боомтын төмөр зам ашиглалтад орсноор экспортын нэвтрэх хүчин чадал 2 дахин нэмэгдэж, ачаа тээвэр 20 сая тоннд хүрэх боломж бүрдэнэ.