“Хургатай хайрхан” компанийн Ерөнхий захирал Д.АЧИТ-ЭРДЭНЭ:
2002-2012 онд Монголын уул уурхайн салбарт тэсрэлт тохиосон. Улмаар алтны Бороогийн, зэсийн Оюутолгойгоос эхлээд олон орд эдийн засгийн эргэлтэд орсон. Тухайн үед Монголын уул уурхайн олон компани гадаадын хөрөнгийн биржүүд дээр хувьцаа гаргаж, босгосон хөрөнгөөрөө Монголд өрөмдлөг хийдэг, геологи хайгуулын чиглэлийн охин компаниуд байгуулж байлаа. Тэр цагаас хойш экспортын орлого бараг 12 дахин нэмэгдсэн. Татварын орлого ч ялгаагүй өссөн. Гэтэл ядуурлын түвшин буурсангүй. Тиймээс уул уурхайн үр өгөөж “наалдахгүй байна” гэж иргэд олон нийт үздэг. Энэ нь уул уурхайн компаниудын төлсөн татварыг төр эргээд хяналтгүй, “замбараагүй” зарцуулж байгаатай холбоотой. Монголын хувьд баялгийг тэгш хүртээхийн тулд дэд бүтцэд хөрөнгө оруулах боломжтой гэж харж байна.
Нөгөө талаар хууль эрх зүйн орчин тогтворгүй, хууль хэдэнтээ өөрчлөгдсөнөөр эдүгээ хайгуул хийх компани маш цөөн болсон. Ялангуяа гадаадын хөрөнгийн бирж дээрх компаниудаас “Aspire Mining”, “Erdene Resource Development” гэсэн 2-3 компани үлдсэнийг ЕСБХБ-ны судалгаанаас харж байна. Хайгуулын тусгай зөвшөөрлийг нэмэгдүүлэх нь гадаадын хөрөнгө оруулалт татах хамгийн гол хөшүүрэг болно. Геологи хайгуул бол онцлог салбар. Орд нээхийн тулд эрсдэлээ даагаад хөрөнгө оруулагчид орж ирдэг. Хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг идэвхжүүлбэл гадаадын хөрөнгө оруулалт татах гэж буй хөрөнгийн бирж дээрх компаниудын хувьцааны үнэ өсөхөд ч тустай. Монголд үндсэндээ томоохон уурхайнууд л ажиллаж байна. Хайгуулын үр дүнгээр том гэлтгүй дунд хэмжээний уурхайнуудыг нээх боломж байгаа.