Хятад улс манай гаригийн гадарга болон газрын доорхыг судлахаар эрмэлзэж буй энэ цаг үед тус улс дэлхийн царцдаст 10 мянган метрийн гүнтэй цооногийг өрөмдөж байна. Синхуа агентлагийн мэдээлснээр, газрын тосны нөөцөөр баялаг Шинжаан Уйгарын нутагт Хятадын түүхэн дэх хамгийн гүн цооногийн (2023.05.30) өрөмдлөгө эхэлжээ.
Энэхүү өрөмдлөгөөр эх газрын 10 давхарга чулуулгийн нэвтлэн 145 сая жилийн өмнөх дэлхийн цэрдийн галавын системд хүрэх аж. Өрөмдлөгийн ажил 457 хоног үргэлжилнэ.
Хятадын Инженерийн академийн эрдэмтэн Сун Жиншэн нь уг өрөмдлөгийн хүнд бэрх ажиллагааг нарийн кабель утсан дээр явж буй том ачааны машинтай зүйрлэжээ. Энэхүү төсөл нь дэлхийн дотоод бүтцийн мэдээллийг өгөхийн зэрэгцээ гүний өрөмдлөгийн технологийг ахиулна хэмээн төслийг удирдаж буй Хятадын үндэсний газрын тосны корпорац (CNPC)мэдэгдсэн байна.
БНХАУ-ын дарга Си Жинпин 2021 онд дэлхийн тэргүүлэх эрдэмтдэд хандан дэлхийн гүний хайгуулын ажилд ахиц дэвшил гаргахыг уриалжээ. Энэ ажил нь ашигт малтмал, эрчим хүчний нөөцийг тодорхойлж, газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт зэрэг байгаль орчны гамшгийн эрсдэлийг үнэлэхэд тусална гэж тэрээр үзэж байна.
Дэлхий дээр хүний гараар бүтээгдсэн хамгийн гүн цооног нь Оросын Кольскийн гүний цооног бөгөөд 1989 онд 20 жил өрөмдсөний эцэст 12 262 метр гүнд хүрсэн аж.
Сонирхуулахад, Хятадын түүхэн дэх хамгийн гүн цооногийг өрөмдөж эхэлсэн өдөр тус улс говь цөлөөс анхны иргэний сансрын нисэгчээ сансарт илгээсэн байна.