Монголоос нүүрсийг төмөр замаар шууд Хятадын Цаофэдян боомт хүртэл тээвэрлэжээ

Э.ОД

Монголоос нүүрс ачсан галт тэрэг шууд Хятадын Цаофэдян боомтод хүрч Монголын нүүрсний экспортын шинэ гарц нээж байна. Монголын 3100 тонн нүүрс тээвэрлэсэн галт тэрэг Хэбэй мужийн Таншан хотын Цаофэдян боомтод (2023.06.11) хүрэлцэн ирсэн тухай Хятадын мэдээний албанаас мэдээлжээ. 20 тонн чингэлэг (open top) бүхий багц нүүрсний ачаатай галт тэрэгний цуваа хоёр улсын хилийн Замын Үүд-Эрээн боомтоор нэвтрэн нийтдээ 1700км зам туулж 10 хоногийн хугацаанд Цаофэдян боомтод хүрсэн аж.

Цаофэдян бүсийн дарга Жэн Юдун “Энэ бүс нутаг нь нүүрс цугладаг, бас түгээдэг дэлхийн хамгийн том төвүүдийн нэг. Галт тэрэгний шууд тээврийг нээснээр Монголоос импортлох нүүрсний тээврийн зардал буурна” хэмээжээ. Мөн Монголоос Цаофэдян боомтын чиглэлийн түүхий эдийн ачаа тээвэрт Бээжин-Тянжин-Хэбэй төмөр замын далайн тээвэр чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг тодотгосон байна.
Хятадын Хэбэй мужийн туршилтын чөлөөт худалдааны дөрвөн бүсийн нэг болох Цаофэдян нь олон улсын ачааны галт тэрэгний урсгалыг нэмэгдүүлж Ази, Австрали, Африк, Европыг холбосон түүхий эдийн логистикийн төв болж буйг мэдээнд онцолжээ.