Цахилгаан тээврийн хэрэгслийн батарей үйлдвэрлэлд шаардагддаг кобальт болон бусад чухал түүхий эдийн нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэх төлөвлөгөөний хүрээнд Япон, Намиби улс ховор ашигт малтмалын хайгуул хийх гэрээ (2023.08.08) үзэглэжээ. Тодруулбал, Японы Металл, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (JOGMEC) болон Намибийн төрийн өмчит уул уурхайн Epangelo компанитай хамтран ажиллана.
Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Ясутоши Нишимура нь Намиби, Замби, Бүгд Найрамдах Ардчилсан Конго зэрэг газрын ховор элементийн томоохон орд бүхий таван оронд айлчилж байна. Тэрээр Япон улсын хамтын ажиллагааны хүрээнд Африкийн чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэх боломжтой гэж үзэж буй.
Япон нь бусад хөгжингүй эдийн засагтай орнуудын нэгэн адил нэн чухал ашигт малтмалын нийлүүлэлтээр “ноёрхож” байгаа Хятад улсаас хамааралтай байдлаа бууруулахаар эрмэлзэж байна.
JOGMEC-ийн хувьд өмнө нь Namibia Critical Metals компанитай хамтын ажиллагаа үүсгэсэн бөгөөд Намиби улс дахь газрын ховор элементээр баялаг нөөцтэй Lofdal ордыг ашиглах төслийг хэрэгжүүлж байгаа юм. Тухайн ордын ховор элементээс давамгайлсан нөөц болох иттриум, диспрози болон тербийг олборлохоор төлөвлөжээ. Уг металлуудыг цахилгаан машины батарей, салхины сэнс үйлдвэрлэхэд голлон ашигладаг.
2022 онд Намиби улс ховор ашигт малтмал Европын Холбоонд нийлүүлэх гэрээ байгуулсан билээ.