С.БОЛД-ЭРДЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” компани 2-3 жилдээ 1 тэрбум гаруй ам.долларын нүүрс нийлүүлэх бартер, 2 их наяд төгрөгийн бонд төлөх хүндхэн нөхцөлд орж байна. Энэ бүхэн ойрын 5 жилд дэд бүтцийн төслүүдээ хэрэгжүүлснээр 7 тэрбум aм.долларын цэвэр ашиг олно гэсэн өөдрөг төсөөлөл дээр суурилж байгаа ч хил хаагдах, үнэ унах гэх мэт тооцоолоогүй эрсдэлүүд хэдийнэ тээг садаа болоод эхэлсэн.
Гэрэл зураг: Газрын тос дамжуулах хоолойн ерөнхий гэрээг байгуулав, 2022.04.17
Хятадын төрийн өмчит “Чалко” компанитай байгуулсан нүүрс нийлүүлэх алдарт гэрээг дахин 5 жилээр сунгажээ. Дөрөвдүгээр сард Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, зөвшөөрсөн байна. 2011 онд уг гэрээг байгуулахад урьдчилгаа төлбөрийг төлснөөс хойш 5 жил нүүрс нийлүүлэх үүрэгтэй байсан бөгөөд дахин нэг удаа 5 жилээр сунгахаар тохирсон байдаг. Урьдчилгаа төлбөрийг барагдуулж дууссан 2017 онд 5 жилээр сунгасан бөгөөд энэ жил дахин сунгажээ. Гэрээний нөхцөл яаж өөрчлөгдсөн талаар ямар нэг тодорхой мэдээлэл хараахан гараагүй байна. Ганц тодорхой зүйл нь урьдчилгаа 280 сая ам.доллар авч Монголбанкинд нийлүүлж байна. Түүнээс бусдаар үнийн индексийг яаж тооцох, нийлүүлэх хэмжээ, нөхцөл ямар байх, урьдчилгаа төлбөрийн хүү хэд байх гээд тодорхойгүй зүйл олон. Одоогийн нүүрсний ханшаар тооцвол 2 сая гаруй тонн коксжих нүүрс нийлүүлэхэд л урьдчилгаа төлбөрөө дарж дуусах боломжтой. 11 жилийн өмнө авсан 350 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийн гэрээ “Эрдэнэс Тавантолгой”-г олон жил нар үзүүлээгүй. Олон захирал, олон сайдын толгойг “залгих” дөхсөн гэрээг сунгаж, дахин 280 сая долларын урьдчилгаа авч байгаа нь ЭТТ цаг хугацааны хайчинд орсны илрэл гэлтэй. Валютын хомсдол, хөрөнгө оруулалтын гачигдалд орсон Засгийн газрын шахаасаар ЭТТ хоёр ч том төслийг санхүүжүүлэхийн тулд “бартердаж” байна.
Нөгөө талдаа Хятадын төрийн өмчит томоохон компаниуд одоо ч Тавантолгойн ордоос сонирхлоо татаагүй хэвээр байгааг сүүлийн үеийн мэдээллээс харж болохоор байна. Энэ удаад “Шэнхуа” биш “Норинко групп” орж ирж байна.
“Эрдэнэс Тавантолгой” өнгөрсөн оны наймдугаар сард нүүрс баяжуулах үйлдвэрийн зураг төсөв боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх тендер зарласан байдаг. Эхний удаад “Норинко интернэйшнл Кооперэйшн” нарын Хятадын 4 компани орж, бүгд шалгараагүй. Хоёр дахь удаад “Пауэр Констракшн корпорэйшн оф Чайна” болон “Норинко” дахин өрсөлдөөд бас л аль аль нь хасагдаж байж. Гурав дахь удаад нь “Норинко” ганцаар оролцож, 955.9 тэрбум төгрөгийн саналаар шалгарсан байна. Ойролцоогоор 335.6 сая ам.долларын гэрээ зурагдаж байгааг ЭТТ-гийн зүгээс мэдээлсэн. “Эрдэнэс Тавантолгой” нийт 30 сая тонны хүчин чадалтай баяжуулах үйлдвэр барихаар төлөвлөж байгаа. Эхний ээлжинд 10 сая тонн хүчин чадал бүхий эхний модулийг ашиглалтад оруулах юм байна. “Норинко” шалгарсны гол онцлог нь санхүүжилтийг өөрсдөө гаргаж, үнийн дүнд таарсан нүүрс худалдаж авахаар тохирчээ. “Норинко Интернэйшнл Кооперэйшн”-ийн хоёр дахь гэрээ бол газрын тос дамжуулах хоолойг барьж гүйцэтгэх юм. УУХҮЯ-ны олон улсад нээлттэй зарласан гэгдэх тендерт тэд ялсан. 530 км урт хоолойн нийт өртөг нь 388 сая ам.доллар. Мөн л ЭТТ санхүүжүүлж байгаа бөгөөд төлбөрийг нь нүүрсээр “бартердана”. “Монголын Газрын тос боловсруулах үйлдвэр” компанийн цахим сайтад мэдээлснээр бол анх 250 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэгдэж байжээ. Газрын тос боловсруулах үйлдвэрийн өртөг нэмэгдэж, Энэтхэгийн өгсөн зээл дутах болсон. Тиймээс Засгийн газар ядаж дамжуулах хоолойг бие даан барихаар тохирсон бөгөөд санхүүжилтийг нь өнөө л “Эрдэнэс Тавантолгой”-д үүрүүлж байгаа нь энэ юм. Дамжуулах хоолойн ашгийн 30 хувийг ЭТТ авахаар тохирсон гэсэн.
“Норинко Интернэйшнл Кооперэйшн” гэж хэн бэ, үнэхээр том төслүүдийг гүйцэтгэх чадвартай компани уу гэдэг асуулт зайлшгүй гарна. “Норинко Интернэйшнл Кооперэйшн” нь Хятадын Шэнжэний хөрөнгийн биржид бүртгэлтэй, 1.1 тэрбум орчим ам.долларын зах зээлийн үнэлгээтэй компани. Үл хөдлөх хөрөнгөөс гадна төмөр зам, авто зам, цахилгаан станц зэрэг дэд бүтэц, уул уурхай, хүнд үйлдвэрийн барилга байгууламж барих чиглэлээр ажилладаг. Хятадын Засгийн газрын хэрэгжүүлж буй “Бүс ба Зам” санаачилгын гол хэрэгжүүлэгчдийн нэг. Африк, Өмнөд Азийн орнуудад томоохон төслүүд хэрэгжүүлдэг. Харин Монголд нүүрсний худалдаа, тээврийн чиглэлээр ажиллаад хэдэн жил болсон. “Ти Ти Си энд Ти” компаниар дамжуулж Тавантолгойгоос нүүрс тээвэрлэх, Хонконг дахь охин компаниар дамжуулж нүүрс худалдан авах, мөн ТавантолгойХанги чиглэлийн сайжруулсан шороон замын ажилд оролцож байгаа аж. Товчхондоо бол Тавантолгойг сайн мэдэх, “Эрдэнэс Тавантолгой”-той бизнесийн харилцаатай компани гэсэн үг. Тийм ч учраас нүүрсний бартерын гэрээ байгуулж байгаа болов уу. Толгой компани нь Хятадын төрийн өмчит “Norinco Group”. Хятадын армийн зэвсгийн хангамж, зэвсэг үйлдвэрлэлээр тэргүүлэгч гэдгээрээ алдартай. Тийм ч учраас Хятадын зэвсэг үйлдвэрлэгч Монголд орж иржээ хэмээн багагүй шуугиад байгаа хэрэг. Арваад жилийн өмнө “Эрдэнэс Тавантолгой” компани, Тавантолгой төслийг ихээхэн сонирхож байсан компаниуд дунд Хятадын төрийн өмчит хоёр гигант байсан нь “Чайналко”, “Шэнхуа” нар. Харин өнөөдөр “Чайналко”-гийн охин компани “Чалко” гэрээгээ хадгалан үлдэж, Монголоос гарсан “Шэнхуа”-гийн оронд “Норинко” орж ирж байгаа нь энэ.
“Чайналко” бол өнгөрсөн оны Fortune 500 компанийн жагсаалтад 198-д эрэмбэлэгдсэн, 53 тэрбум ам.долларын орлого, 152 мянган ажилтантай аварга компани. “Шэнхуа” уг жагсаалтын 101 дүгээрт эрэмбэлэгдсэн, 80 тэрбум ам.долларын орлоготой, 323 мянган ажилтантай мөн л Хятадын тэргүүлэх компани. Харин шинээр орж ирж байгаа “Норинко” бол Fortune 500 жагсаалтын 127-д жагссан, 71 тэрбум ам.долларын орлоготой, 230 мянган ажилтантай. Нөгөө хоёроосоо ялгарах гол онцлог нь зэвсгийн үйлдвэрлэл. “Норинко Групп” бол Хятадын цэргийн аж үйлдвэрийн ганц нэгдэл. Дэлхийн 10 гаруй улсад 100 гаруй салбар, төлөөлөгчийн газраа байгуулсан. “Бүс ба Зам” санаачилгыг хэрэгжүүлэхэд ихээхэн үүрэгтэй оролцож байгаа байгууллага. Охин компаниудаараа дамжуулан түүхий нефтийн олборлолтоос эхлээд нефтьхимийн аж үйлдвэрийн кластерыг хөгжүүлсэн туршлагатай. Төмөр замын, инженерийн гээд хүнд аж үйлдвэрийн материал, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч. 2020 онд АНУ, Хятадын худалдааны дайн ид эхэлж байхад Дональд Трамп Хятадын нэр бүхий компаниудын хувьцааг Америкийн хөрөнгө оруулагчид эзэмшихийг хориглосон тушаал гаргаж байв. Тэрхүү компаниудын жагсаалтад “Норинко” багтсан байдаг. Ямар ч байсан “Эрдэнэс Тавантолгой” Хятадын төрийн өмчит аварга хоёр компанитай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Ирэх жилүүдэд нэг тэрбум ам.долларын үнэ бүхий нүүрсийг нийлүүлэхээр болж байна гэсэн үг. Уг гэрээнүүд компанид сайн, муу алинаар нөлөөлөх нь гэрээний нарийвчилсан заалтуудаас тодорхой болох биз. Үнийн индексийг яаж тохирсон, нүүрс нийлүүлэх нөхцөл ямар байх зэргээс уг төлбөрийг богино хугацаанд барагдуулах эсэх нь шууд хамаарна. “Чалко” компаниас авсан 3-7 хувийн хүүтэй 350 сая ам.долларын урьдчилгааг төлөх гэж бүтэн 6 жил зарцуулсан байдаг. 2017 оныг хүртэлх хугацаанд тус компани 25 сая тонн гаруй нүүрс экспортолж байж “Чалко”-гийн өрнөөс салж байсан.
Хятадын төрийн өмчит "Чалко" компанитай нүүрс нийлүүлэх алдарт гэрээг дахин 5 жилэрэ сунгажээ. Дөрөвдүгээр сард Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, зөвшөөрсөн байна.
Энэ удаад 3 дахин өндөр дүн бүхий мөнгө яригдаж байна. Өнөөдрийн өндөр үнэтэй байх үед 10 сая тонн нүүрсээр л дарчих хэмжээний мөнгө. Хэрэв үнэ буурвал тэр хэрээр нийлүүлэх нүүрсний хэмжээ нэмэгдэж, компанийн орлогод сөргөөр нөлөөлж, үйл ажиллагаа доголдох болно. Үнэ буурах нь цаг хугацааны л асуудал. Урьдчилж авсан асар их долларын урьдчилгаа нь эргээд компанийг хүнд байдалд ч оруулж болзошгүй юм.
Нөгөө талаас дээрх гэрээнүүд ЭТТ-д ашигтай байх боломжтой юм. Хятадын талаас нүүрс татан авалтыг бараг зогсоосон, нүүрсний экспорт огцом доошилсон үед боломжит бүхий л гарцаар нүүрсний нийлүүлэлтээ нэмэгдүүлэх шаардлагатай. Хятадын төрийн өмчит аварга хоёр компани гэж дахин дахин тодотгоод байгаагийн шалтгаан нь ч энэ юм. Гаалийн нэвтрэх асуудлыг хүлээн авагч Хятадын компаниуд зохицуулах нь ЭТТ-д илүү амар. Гагцхүү шинэ гэрээндээ өмнөх алдаагаа давтахгүй байх нь л чухал. Нүүрсний үнэ өндөр байгаа энэ цаг мөчид гаргасан нүүрсээ аль болох хурдан нийлүүлж, хил давуулах нь ЭТТ-н үндсэн зорилго байх ёстой. 2014-2015 онд үнэ буурч байхад өндөр үнэтэй нүүрс авахгүй гээд “Чалко” “мурьж” байсан удаатай. Улмаар ЭТТ-н нүүрсний нийлүүлэлт зогсож, хүүний алдагдалд орж, тэр хэрээр гэрээний хугацаа сунжирч байсан үе давтагдаж магадгүй юм. Төгсгөлд нь, даахгүй нохой булуу хураана гэнэ үү, эсвэл номхон тэмээ ноолоход амар гэнэ үү, ямартаа ч ЭТТ-г тултал нь “сааж” байна, энэ Засгийн газар.
Өнгөрсөн жилүүдэд “Эрдэнэс Тавантолгой” нийт 3.4 их наяд орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Үүний 3 их наяд нь төмөр зам, утаагүй түлш, цахилгаан станцад зарцуулсан мөнгө. Үүн дээр газрын тосны хоолой нэмэгдэж байна. Энэ бүхнийг санхүүжүүлэхийн тулд компани байж болох бүхий л аргыг сүвэгчилж байна. Ойрын үед бондын 3 дахь транчаараа болж өгвөл 300 орчим сая ам.доллар босгохоор төлөвлөжээ. Харин нөгөө талд компанийн төлөвлөж байсан экспорт, орлого алсран одож байгаа нь нууц биш. Өнгөрсөн онд 21 сая тонн нүүрс экспортолж, 2.7 тэрбум ам.долларын орлого олох төлөвлөгөөтэй байсан ч талаар болсон. Энэ жилийн 28 сая тонн нүүрс, 4.6 тэрбум ам.долларын зорилго ч бүтэхгүй нь тодорхой болсон. Тус компанийн ойрын 2-3 жилд дампуурчихгүй байх ганц аврал нь Хятадын компаниуд, Хятадын төрөөс хамааралтай Хятадын хилийн татан авалт л болж байна.